logo
“Чингис хаан” Гран при тэмцээнээс манай жүдочид 6 алтан медаль хүртээд байна

“Чингис хаан” Гран при тэмцээнээс манай жүдочид 6 алтан медаль хүртээд байна

2013/07/15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай  жүдо бөхийн “Чингис хаан” Гран при тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид зургаан алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртэв.

Энэ жилээс тус тэмцээнийг “Гран при” тэмцээн болгож  Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор зэрэглэл ахиулж түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн медальт нь 180, хүрэл медальт нь 120 оноог чансаандаа нэмүүлэх юм. Буянт-Ухаа спортын цогцолборт болж байгаа Гран при тэмцээнд ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, Узбекстан зэрэг 18 орны эрэгтэй 95, эмэгтэй 50 жүдоч хүч, ур чадвараа сорьж байна.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг гэсэн нийт долоон жинд аваргаа тодруулахад монголчууд зургаад нь түрүүлж тасархай амжилт үзүүллээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг алт, Г.Отгонцэцэг мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг БНСУ-ын И Сэ Ён болон М.Долгоржав нар хүртлээ. 52 кг-д БНСУ-ын жүдоч Сү Да Пак аваргалж, А.Цолмон мөнгө, Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа нар хүрэл медалийн эздээр тус тус шалгарав. Харин 57 кг-д Д.Сумьяа түрүүлж, БНСУ-ын Ким Жин Ди мөнгө, А.Батзул, Б.Нарантуяа нар хүрэл медаль тус тус хүртсэн бол Т.Цэрэннадмид 63 кг-д түрүүлж, БНСУ-ын Юү Жин Ён мөнгө, хүрэл медалийн эздээр манай жүдоч Б.Мөнгөнчимэг, АНУ-ын жүдоч Мартин Ханна нар тодров.

Энэ өдөр болсон эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар алтан медалийн эзэн болж мөнгөн медалийг Д.Амартүвшин, хүрэл медалийн эзнээр Г.Хэрлэн, Японы тамирчин Рюота Кавано нар тодорлоо.  66 кг-д С.Мияарагчаа аваргын алтан медаль хүртэж, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын жүдоч Жу Чон Ху мөнгө, манай жүдоч Д.Төмөрхүлэг, Израилийн жүдоч Голан Поллак нар тус тус хүрэл медалийн эзэд боллоо. Харин 73 кг-д Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир түрүүлж алтан медалийн эзэн болж олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ. Энэ жингийн хүрэл медалийг АНЭУ-ын жүдоч Виктор Скортов, БНСУ-ын жүдоч Ким Жү Жинь тус тус хүртлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш