Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Архивын ерөнхий газраас иргэдэд лавлагаа мэдээллээр үйлчлэх ажлын явц, зохион байгуулалт ямар байна вэ.
Улсын их хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль”-ийг баталснаар уг ажил 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлсэн ба энэ оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусна.
Энэ ажилтай холбогдуулан иргэдийн хүсэлтээр Үндэсний төв архивын Лавлагаа мэдээллийн төвөөс “тушаал”, “цалин”-гийн холбогдолтой лавлагаа гаргаж үйлчилж ирсэн бөгөөд 2013 оны эхний хагас жилийн байдлаар 18189 лавлагаа гаргаснаас 15799 тушаал, 942 цалингийн, хүн амын тооллогын холбогдолтой 1291, эхийн одонгийн холбогдолтой 157 лавлагаар үйлчилсэн байна.
2013 оны эхний хагас жилд гаргасан лавлагааг өнгөрсөн 2012 онтой харьцуулахад 5000 гаруй лавлагаагаар нэмэгдэж ажлын ачаалал ихэссэн тул Лавлагаа мэдээллийн төв нь бусад 4 төвийн архивчдын хамтын хүчээр архивын баримтаас лавлагаа гаргах ажлыг гүйцэтгэж байна.
Архивын баримт нь байхгүй бол ямар хариу өгч байна.
Бид иргэдийн хүсэлтээр архивын баримтаас лавлагаа гаргахдаа зөвхөн Үндэсний төв архивт шилжин ирсэн 343 байгууллагын баримтаас архивын лавлагаа гаргадаг бөгөөд уг байгууллагын нэрсийн жагсаалт бүхий самбар гаргаж байршуулсан. Мөн иргэдийг тосч авах үйлчилгээ үзүүлж Нийслэлийн архивт баримт нь хадгалагдаж буй байгууллагуудын жагсаалтыг танилцуулж бусад архив руу зохих хүмүүсийг явуулж байна.
Харин манай архивт баримт нь шилжиж ирээгүй байгууллагын баримтаар бид лавлагаа гаргах боломжгүй тул тухайн байгууллагын баримт ирээгүй тухай, мөн архивт баримт нь шилжиж ирсэн хэдий ч тухайн байгууллагын баримт нь бүрэн бүтэн шилжиж ирээгүй, зарим оны баримт нь дутуу байх, аль эсвэл тухайн хувь хүнд холбогдох баримт нь байхгүй байх тохиолдол нилээд гардаг тул тухай бүрд нь холбогдох тодорхойлолтыг гаргаж өгч байна.
Иргэдийн хувьд анхаарах ямар асуудал байна вэ.
Иргэд архивын лавлагаа авах хүсэлт гаргахдаа шаардлагатай мэдээллийг үнэн зөв, тодорхой өгөхгүй буруу зөрүү, дутуу хагас өгөх зэргээс шалтгаалж байгууллага, иргэдийн хооронд ажил хүндрүүлэх явдал нилээд гардаг тул дараах зүйлийг анхаарах нь зүйтэй. Үүнд:
- Тушаалын баримтаас лавлагаа гаргуулахыг хүсвэл хэдэн оны хэдэн сард ямар байгууллагын ямар цех, тасаг, хэлтэст ямар албан тушаалд томилогдсон болон чөлөөлөгдөж, халагдсан тухайгаа тодорхой дурьдах
- Цалингийн баримтаас лавлагаа гаргуулахыг хүсвэл таны хариуцсан дүүргийн нийгмийн даатгалын байцаагч нарын зөвлөсний дагуу сонгож авсан 5 жилийн баримтаас лавлагаа гаргуулах ба мөн тухайн үеийн байгууллага болон нэгж, салбарын нэрийг тодорхой гаргах
- Хүн амын тодорхойлолт гаргуулахыг /1933,1944, 1947, 1956, 2000 оны/ хүсвэл тухайн онд өрхийн тэргүүн, түүний эхнэр, хүүхэд болон хамт нэг өрхөд амьдрагч нь хэний хэн байсныг тодорхой гаргах /Хэрэв 1929 оны тооллогоос үзүүлэхийг хүсвэл тухайн үеийн хамаарах аймаг, хошууг тодорхой гаргах/
- Эхийн одонгийн лавлагаа авахыг хүсвэл төрүүлсэн хүүхдээ нэг нас хүрсний дараа жилд аль засаг захиргааны харъяанд ямар гудамж, байранд амьдарч байсан зэрэг нь тодорхой байх шаардлагатай
Бидний хувьд хэлмэгдэгсдийн, алдарт эхийн одонгийн, хүн амын тооллогын зэрэг олныг хамарсан лавлагаа мэдээллээр иргэдэд үйлчилж ирсэн туршлагатай. Энд нэг анхаарах зүйл байдаг нь иргэд маань эхэнд нь нэг хошуурч дунд нь тайвширч, сүүлд нь ачаалал үүсгэдэг явдал бий. Иймээс төрөөс олгож байгаа энэ сайхан боломжийг алдалгүй, хуулийн хугацаанд нь, зөв боловсон үйлчлүүлэхийг иргэдээсээ хүсэх байна.