Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ыг Улаанбаатар хотын 17 цэгт суурьлуулсан байна.
Уг автомат машинаар дамжуулан 10 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Тодруулбал, Иргэний бүртгэлийн ерөнхий газраас авдаг төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт, цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон аж ахуйн нэгж, байгууллагын татвар төлөлт, татварын өр, үлдэгдэл, тайлан тушаалт, татвар төлөгчийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, иргэн, хувь хүний татвар төлөлт, бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт зэргийг авч болох юм. Мөн өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан төлөх боломжтой юм байна.
“ТҮЦ МАШИН” БЗД-ийн 14-р хороо “Хос худалдааны төв”, 18-р хороо Офицеруудын ордон, 23-р хороо Хужирбуланд, БГД-ийн 7-р хороо Төв вокзал, СХД-ийн 20-р хороо Орбитын эцэс, 11-р хороо Хөтөлийн буудал, 16-р хороо 32-ын буудал, 31-р хороо 31-р хорооны байр, СБД-ийн 12-р хороо 32-ын тойрог, Мэдээлэл технологийн үндэсний парк, Төв шуудан, ХУД-ийн 2-р хороо Үйлчилгээний төв, 10-р хороо “Чингис хаан” ОУНО-ны буудал, 8-р хороо Яармагийн дэнж, ЧД-ийн 11-р хороо 17-ын дэлгүүр, 4-р хороо Тэнгис кино театр зэрэг газарт тус тус байрлаж байгаа юм байна.
Хууль зүйн яам