Энэ оны нэгдүгээр сард алагдсан “Хасан өвөө” хочоороо алдаршсан “Оросын мафийн хаан” Аслан Усоян руу хэрхэн халдах талаар хэлэлцэж байсан хоёр гэмт этгээдийн ярианы бичлэг Италийн цагдаагийн газарт байгаа бөгөөд үүгээрээ Орос түншүүддээ туслахад бэлэн байна гэж "Росбалт" мэдээллээ.
“Мераб Сухумский” хочит дархлагдсан хулгайч Мераб Жангвелазе өнгөрсөн 2012 оны 9 дүгээр сарын 18-нд Ром хотод хулгайч нарын “цугларалт” зохиож байх үеэр дээрх бичлэгийг хийсэн аж. Гэмт хэргийн өөр нэг нөлөө бүхий этгээд болох Оросын шоронд ял эдэлж байсан “Таро” хочит Тариель Онианитай утсаар ярилцаж байхдаа тэрбээр сөргөлдсөөр байгаа Усояныг яах юм бэ гэхэд Таро нь “Түүнийг тэглээд хаячих л даа, тэгэхээр л бүх асуудал алга болж орхино” гэж хариулжээ.
Чухамхүү дээрх “цугларалтан” дээр болсон энэ ярианы дараа “Хасан өвөө”-д цаазын ял оноосон гэж Италийн цагдаа нар үзэж байна. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Таро Мераб нар нь үйлдсэн аллагынхаа талаар утсаар баяр баясгалантай хэлэлцсэн яриаг замаас нь олзолсон аж.
Гэвч Москвагийн цагдаагийн газар Аслан Усояны аллагатай холбоотой ямар ч материалыг Италийн мэргэжил нэгтнүүдээсээ хүлээн аваагүй гэж мэдэгдээд байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Москва дахь Тогоочийн гудамжин дахь ресторанаас гарах үеэр нь Хасан өвөөг үл таних этгээд буудан хөнөөсөн билээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн хэдий ч ухаан орохгүй байсаар нас барсан байдаг.
Э.АМАР