logo
Шадар сайд дэд сайд нарт үүрэг өгөв

Шадар сайд дэд сайд нарт үүрэг өгөв

2013/07/18
Наадмын маргааш намар гэдэг. Тийм ч учраас Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва цаг үеийн ажлын явц болоод өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл хангалтын талаар салбарын дэд сайдуудтай уулзаж ярилцлаа.
Уулзалтад оролцсон дэд сайдууд салбартаа хийгдэж байгаа ажил болон тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ч.Туваан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуур орчимд  гарсан мал амьтны гоц халдварт  шүлхий өвчний талаар мэдээллээ. Тус аймгийн 13 сумын нийт 1.958.707 толгой малыг эрүүл мэндийн үзлэгт зуун хувь хамруулж, зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн  арга хэмжээг авч, тус аймгийн өвчлөмтгий мал сүргийн 18,6 хувийг вакцинжуулаад байгаа аж. Дээрх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж дуусгахад 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа талаар хэллээ. Газар тариалангийн хувьд нийт тарьсан талбайн 75 хувьд нь соёололт сайн гэсэн үнэлгээтэй гарчээ.
Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан  БШУ-ны дэд сайд  Б.Ургамалцэцэг ном сурах бичиг, хүүхдийн дүрэм хувцасны шинэчлэл болоод шинээр баригдаж буй  сургууль, цэцэрлэгийн барилгын  ажлын явцын талаарх мэдээллийг өгөв. Тэрээр хичээлийн шинэ жил эхлэхэд 200 мянган хүүхдийн дүрэмт хувцас бэлэн болно гэлээ.
Мөн Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв эмнэлэг, сургууль зэрэг томоохон байгууллагуудад дулаан хангамж, цахилгааны нөөцийн эх үүсвэрийг нэмж бэлтгэх хэрэгтэй талаар ярьж,  ДЦС III- дээр  50 мегаватын, Дарханы ДЦС дээр 35 мегаватын   өргөтгөлхийгдэж байгаа,  “Ус -15”-ын дулааны өргөтгөл энэ онд ашиглалтад орох  байсан ч хойшилсон талаар мэдээллээ.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн даргын эрх зүйн чадамжийн асуудлыг  баталгаажуулахад дэмжлэг үзүүлэхийг Шадар сайдаас хүслээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой тендрийн ажлууд удааширалтай явагдаж байгаа болон энэ жил шинээр ашиглалтад орохоор нэгдсэн гуравдугаар эмнэлэгт баригдаж байгаа “Зүрхний шигдээс, харвалтын төв”-ийн хүчил төрөгч, газны асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газраас яаралтай  шийдвэрлэх хэрэгтэй  байгаа талаар дуулгалаа.
Ийнхүү дэд сайдууд дор бүрдээ хийж байгаа ажлаа танилцуулсны дараа Шадар  сайд дараах  үүрэг  чиглэлийг өглөө. Үүнд:
- “А” хэвшлийн шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ асуудлаар тусгайлан мэдээлэл хийх, шаардлагатай гэвэл ойрын хугацаанд Улсын онцгой комиссын хурал хийх,
- ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд манай улсад хийх айлчлалтай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангаж, явцыг  танилцуулах
- Сургууль, цэцэрлэгийн  барилгын шинээр барих болон их засварын ажлыг түргэтгэх зохион байгуулалттай арга хэмжээ авах,Энэ талаархи  мэдээллийг нарийвчлан гаргаж танилцуулах,
- Яам бүр өвөлжилтийн бэлтгэлийг цаг хугацаанд нь хангахад онцгойлон анхаарах,
- Зуны ээлжийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг хүлээн авах, тэдний санал, хүсэлт, гомдлыг барагдуулах ажлыг цалгардуулахгүй байх,
- БНХАУ, ОХУ-ын ЗГХК-ын хүрээнд шийдсэн асуудлуудын хэрэгжилтийг хангах талаар холбогдох салбарууд анхаарах ялангуяа, Хятад–Монголын ЗГХК-ын хуралдаанаар ярилцаж тохиролцсон хөнгөлөлттэй зээл тусламжаар авахтай  холбогдсон  асуудлыг  шуурхай зохицуулж шийдвэрлэх ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш