ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл өнгөрсөн тавдугаар сарын 24-нд АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд 1а/59 тоот албан бичиг илгээсэн бөгөөд уг бичигт “Төмөр хүн-3” кинонд монгол бичгийг ашигласан асуудалд эсэргүүцэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн юм.
Уг албан бичгийг сийрүүлэн хөрвүүлбэл:
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос мэндчилж байгаадаа баяртай байна. Монгол Улс нь Ази тивийн нэгэн улс бөгөөд мянга мянган жилийн түүх, соёлын дурсгалтай эрх чөлөөт, ардчилсан нийгэмтэй орон юм.
Таны саяхан бүтээсэн “Төмөр хүн 3” уран сайхны кинонд манай үндэсний соёлын өвийг илэрхийлсэн байдлыг тань тодотгохоор энэхүү захидлыг бичиж байна. Би энэ киног хараахан үзэж амжаагүй ч “Төмөр хүн 3” кинонд монгол бичиг, үндэсний уран бичлэгийг маань Террорист бүлгэмийн билэг тэмдэг болгон ашигласныг олж мэдлээ.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Монгол уран бичлэгийг ЮНЕСКО-гийн нэн яаралтай хамгаалах биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр бэлтгэж буй хэмээн хүсэн хүлээж байгаа энэ жил ийм мэдээ сонссондоо ихэд харамссан билээ.
Монгол үндэсний билэг тэмдэг болсон соёлын өвийг хүн төрөлхтний эсрэг үйл ажиллагаанд соёлын өвийг тээгчдийн зөвшөөрөлгүйгээр ашигласан явдал нь тохиромжгүй үйлдэл болсон байна. Тийм ч учраас монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас, сонин, хэвлэлүүд болон манай жиргээчдийн холбооны гишүүд Монгол үндэсний соёлын өвийг өмгөөлөн эсэргүүцэл илэрхийлэхийг надаас зүй ёсоор шаардсан юм.
Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд би Танаас манай олон нийтэд хандаж албан ёсны уучлал ирүүлэхийг нөхөрсгөөр хүсч байна. Монголын олон нийт бол бусдыг ойлгох чадвартай, өгөөмөр сэтгэлтэй, нээлттэй учир олон ургальч үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх, харилцан ойлголцож ярилцахыг эрхэмлэдэг юм. Иймээс та манай соёлын өвийн асуудлаар хариу ирүүлбэл Холливудын кинонд үзүүлэх бидний хүндлэлийг өсгөх, манай орны эртний соёлыг сонирхох таны сонирхол улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн бичсэн юм.
Харин уг албан бичгийн хариу захидлыг долдугаар сарын 10-нд “Марвел Энтертайнмент” ХХК-иас Монголын талд ирүүлжээ.
Тэд энэхүү хариу захидалдаа:
Таны захидлын хариу болгож манай сүүлийн уран бүтээл болох “Iron Man 3” кинонд Монгол бичгийг ашигласан асуудлаар Танд үүгээр хандаж байна.
Уг кинонд Монгол уран бичлэгийг гол сүлдээ болгосон нэгэн эсрэг талын зохиомол дүрийн талаар үзүүлсэн байдаг юм. Киноны эхний хэсэгт тэрээр өөрийгөө алан хядагчдын бүлгэмийн тэргүүлэгчээр зарлаж ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэдэг. Гэвч тэрхүү зохиомол алан хядагчдын тэргүүлэгчид Их Британийн жүжигчин Тревор Слатеррийн /жүжигчин Бэн Кингслей тоглосон/ ард өөрийн жинхэнэ дүр төрхийг нууцалсан Алдрих Киллиан /Гай Пийрс тоглосон/ гэх жинхэнэ муу талын дүрийн тухай гардаг юм.
Зохиомол дүрийг бүтээхдээ Киллиан нь маш олон орнуудаас хэд хэдэн бэлгэдлүүдийг түүвэрлэн хэрэглэсэн. Та тус киног үзэх боломж байгаагүй тухайгаа дурдсан тул хавсралтаар киноны товч танилцуулгыг Wikipedia.org сайтаас иш татан хүргүүлж байна. Хэрэв тэрхүү дүгнэлт дээрх бүх зүйл ойлгомжтой бол, киноны зохиолын дүр болох хорон муу санаатай этгээд нь Монгол Улстай ямар ч холбоогүй бөгөөд Монгол улсын иргэдийг буруу талаас нь харуулаагүй болохыг илэрхийлнэ.
Таны захидлаас үзэхэд бид монгол бичгийг ийнхүү ашигласнаараа Монгол Улсын иргэдэд буруугаар ойлгогдож, тэдний дургүйцлийг төрүүлсэн байна. Энэхүү асуудалд бид гүнээ хүлцэл өчиж, ийм үр дагавар гарна гэж төсөөлсөнгүй гэдгээ болон үнэхээр харамсч байна гэдгээ мэдэгдсэн тухай Соёл, спорт, аялал жуучлалын яамнаас мэдээлэв.