Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн захирал Ш.Батхүү 2009 онд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж их хэмжээний ам.доллар зээлсэн хэрэг мандаж эхэллээ.
Эл хэрэгтэй холбоотойгоор тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өнгөрөгч тавдугаар сараас эхлэн шалгуулж эхэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг албан тушаалаа урвуулан ашиглаж “Жаст” группийн захирал Ш.Батхүүг их хэмжээний зээл гадны банкнаас босгоход тусалсан хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгуулж байгаа юм.
Хэрэг явдлыг сийрүүлбэл, “Стандарт” банкнаас нийтдээ 109 сая ам.долларыг “Жаст” группийн захирал Ш.Батхүү гурван үе шаттайгаар зээлж авчээ.
Гэвч зээлээ графикийн дагуу төлөөгүй учраас тус банкны ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийг зорин ирж зээлээ нэхсэн байна. Энэ үеэс л уг асуудал сөхөгдсөн аж. Ингэхдээ “Стандарт” банкны ажилтнууд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн нарын баталгаат гарын үсэг бүхий зээлийн баталгааг үзүүлж өр нэхэмжилжээ.
Энэ үед хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ш.Батхүү "“Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлага огт хамааралгүй би тус үйлдвэрийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" хэмээн гүрийж эхэлсэн нь асуудлыг улам хурцатгасан байна.
Ингэснээр “Стандарт” банк хариуцагчаар “Жаст” группийн захирал Ш.Батхүүг, баталгаа гаргасан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Арбиртийн шүүхэд өгч, нэртэй хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.
“Жаст” группийн захирал Ш.Батхүү хуурамч баримтаар зээл авсан гэжээ
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Монгол Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнтэй ярилцлаа.
-“Жаст” группийнхэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ийм асуудал үүссэн нь үнэн. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.
-Төрийн өмчит үйлдвэрийн газар хувийн компанид батлан даалт гаргаж болдог юм уу. Энэ асуудал хаанаас эхлэлтэй вэ?
-Энэ асуудал өнгөрсөн тавдугаар сарын 24-нд анх сөхөгдсөн. Тухайн үед Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас манай үйлдвэр рүү “Манайхаас мөнгө зээлсэн Жаст групп зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа учраас батлан даалт гаргасан танай Эрдэнэт үйлдвэрт хандаж байна” гэх утга бүхий албан бичгийг манайд ирүүлсэн. Энэ дагуу л уг асуудал сөхөгдсөн гэж ойлгож болно. Гэхдээ хамгийн ээдрээтэй байгаа асуудал нь манай үйлдвэрийн архивт зээл авсан болон батлан даалт гаргасан гэсэн ямар ч бичиг баримт байхгүй байгаа юм.
-Тэгвэл тэр баримтууд нь хаана байгаа вэ?
-“Стандарт” банкны зүгээс Жаст группийн зээл авахдаа бүрдүүлсэн бичиг баримтыг хуулбарлан манайх руу явуулсан. Үүнийг бид Төрийн өмчийн хороо руу явуулсан байгаа. Түүнээс биш манай талд эх хувь нь байхгүй гэж ойлгож болно.
-Та тэр бичиг баримттай нь танилцсан уу?
-Танилцсан.
-Хэчнээн төгрөгийн зээлийг хэдий хэр хугацаанд авсан байна вэ?
-2009 оноос хойш нийтдээ 109 сая ам.долларын зээл авсан юм билээ. Гэхдээ үүнийгээ графикийн дагуу төлж явсаар өнгөрсөн гуравдугаар сараас хойш төлөлт хийгээгүй байсан. Авсан зээлнийхээ таван сая ам.долларыг буцаан төлсөн гэсэн. Уг нь бол 2015 он хүртэл зээл авсан юм билээ.
-Хүү нь ямар байсан бэ?
-Чингис бондын хүүтэй л ойролцоо юм уу гэж харсан шүү дээ. Нэг их өндөр биш байсан шиг санагдаж байна.
-“Жаст” группийн зүгээс энэ асуудалд ямар тайлбар өгч байна вэ?
-Тус компанийн захирал Ш.Батхүү өөрийгөө хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан. Тийм учраас бүх хариуцлагаа өөрөө хүлээж, хохиролгүй болгож өгнө хэмээж байгаа. Харин зээл олгосон “Стандарт” банкныхан “Бид хуурамч бичиг баримтад үндэслэн зээл олгоно гэж байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан” гэдгийг хариуцлагатайгаар илэрхийлж байна. Тиймээс дээрх асуудлыг хуулийнхан шалгаж, үнэн мөнийг нь тогтоох байх.
-Энэ асуудлыг одоо хаана шалгаж байна вэ?
-“Стандарт” банкны гомдлын дагуу уг асуудал Лондоны Арбитрын шүүх дээр байгаа. Эрдэнэт үйлдвэрийг батлан даагчаар, Жаст группийг хариуцагчаар татсан.
-“Стандарт” банкны зүгээс ямар шаардлага тавьж байна вэ?
-Тус банкнаас найман хүнтэй ажлын хэсэг томилогдон манай үйлдвэр дээр хоёр удаа ирж ажиллаад явсан. Мэдээж хууль хяналтын байгууллагаар л асуудлыг шийдүүлэхээр явж байна.
-Таныг Эрдэнэт үйлдвэрийн захирлын албан тушаал дээр ирэхэд ийм асуудлын сэжим илэрч байв уу?
-Үгүй. Бичиг баримт дунд нь ч байгаагүй.
-Энэ асуудалтай холбоотойгоор тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг шалгаж эхэлсэн. Мөн ТӨХ-ны дарга Д.Сугарын нэр ч холбогдох боллоо.
-Энэ талаар сайн мэдэхгүй байна.
-Хэрвээ “Жаст” групп зээлээ эргэн төлж чадахгүй бол танай үйлдвэр батлан даалтад гаргасан гэдэг утгаараа асуудалд орох нь ээ?
-Тийм нөхцөл байдал үүсгэхгүй байх үүднээс ажлын хэсэг томилогдон энэ асуудал дээр анхаарлаа хандуулж байна гэлээ.
ТӨХ-ноос шаардлагатай бичиг баримтыг өгчээ
Харин ТӨХ-ны дарга Д.Цогтбаатараас уг асуудлыг тодруулахад, “Манай зүгээс шаардлагатай бүх бичиг баримтыг хуулийн байгууллагынханд өгсөн байгаа. Ажлын хэсэг томилогдон уг асуудалд анхаарлаа хандуулсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Нэг албан тоотыг хоёр хувь үйлдэн нэгийг нь батлан даалт гаргахад ашиглажээ
Бидэнд олдсон мэдээллээр “Жаст” гурппийн захирал Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийг батлан даагчаар оролцуулсан гэх ямар нэгэн албан бичиг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болоод Төрийн өмчийн хорооны архивт байхгүй байгаа гэх. Гэхдээ хамгийн ээдрээтэй нь “Стандарт” банкнаас манай тал руу явуулсан батлан даалт гаргасан гэх албан тооттой нь яг адилхан албан тоот Төрийн өмчийн хороонд байгаа ч өөр утга, агуулгатай юм байна. Өөрөөр хэлбэл, нэг албан тоотыг хоёр хувь үйлдэн нэгийг нь Эрдэнэт үйлдвэрт батлан даалт гаргахад ашиглан нөгөөг нь хууль журмынх нь дагуу өдөр тутмын ажилдаа ашигласан гэх мэдээлэл байгаа юм. Хэрвээ энэ үнэн бол “Жаст” группийг “Стандарт” банкнаас зээл авахад нь эрх бүхий хүмүүс туслаж, Эрдэнэт үйлдвэрийг батлан даалт нэрийдлээр барьцаалсан болж таарч байгаа юм. Ямартай ч хуулийн байгууллагынхан уг хэргийг зангилааг тайлах биз ээ.
Энэхүү асуудыг шалгуулахаар Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлал, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсэгт ХЗЯ-ны ТНБД Ж.Баярцэцэг болон Монгол банк, Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөл багтжээ.
http://economics.eagle.mn/content/read/1953.htm