Жил ирэх тусам хаяагаа тэлж буй Далан давхрын оршуулгын газрыг цэгцлэх, хог хаягдлаас нь салгах үүднээс дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санаачилжээ. Улаанбаатар хотын төв хэсэгт 137 га талбайг эзлэн, гэр хороололтой хаяа дэрлэн оршдог “Самбалхүндэв”-ийн буюу Далан давхрын оршуулгын газарт одоогийн байдлаар 250 орчим мянган шарил байдаг аж. Үүнээс 150 орчим мянган нь хөшөө чулуу нэр хаяггүй, эвдэрч тоногдон, ар гэр нь эргэж тойрохоо больсон байна. Иймд уг газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахын тулд он удаан жил болсон хуучин шарилыг чандарлан суварганд залахаар болжээ.
.Олон улсын жишигт нийцсэн энэхүү дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдвал хотын өнгө үзэмжид мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, хог хаягдлаасаа салан агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахыг албаны хүмүүс мэдэгдэж байна. Мөн оршуулгын газар дахь нас барагсдын мэдээллийн санг бий болгож, оршуулгын газар эмх замбараагүй тэлэх асуудлыг хязгаарлах юм. Ингэхдээ иргэдийн саналыг авах аж.
Өнөөдөр манай орны хувьд оршуулгын уламжлалт болон чандарлах хоёр хэлбэрээр явагдаж байгаа ба талийгчийг хэрхэн нутаглуулах нь ар гэрийнхнийх нь сонголтоор шийдэгддэг. Одоогоор 28.5 хувь нь чандарлах хэлбэрийг сонгодог аж. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд оршуулгын газар эмх замбараагүй өргөжин тэлсээр 700 гаруй га талбайг эзэлжээ.