logo
Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг суллажээ

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг суллажээ

2013/07/23
Арабын нэгдсэн Эмиратын Дубайн төвд хүчирхийлэлд өртсөн норвег бүсгүйд хэрэг тулгасан тухай мэдээлэлийг бид та бүхэнд  өмнө нь хүргэсэн.  Тэгвэл Дубайн талаас түүнийг хэргээс чөлөөлж, нутаг буцахыг зөвшөөрсөн байна. Ажил хэргийн шугмаар аялаж байсан Марте Дебора Далелв гэгч эмэгтэй өнгөрсөн гуравдугаар сард Дубайд хүчирхийлэлд өртжээ.

Тэр энэ тухайгаа хэлж, цагдаагийн байгууллагад хандсан боловч гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орсон, согтууруулах ундаа хэрэглэсэн, худал мэдүүлэг өгсөн хэрэгт өөрөө буруутгагдаж, ял сонсох хэмжээнд хүрчээ. Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн хугацаанд гурван ч удаа болж, түүнд 16 сар хорих ял оноосон байна.

Бүсгүйн энэ хэрэг олон улсын хүний эрхийн байгууллагууд, Норвегийн эрх баригчдын дургүйцлийг төрүүлээд байсан юм. Энэ удаа олны дургүйцлийг илт хүргэж байсан шийдвэрээ  Дубайн талаас эргэн харж, бүсгүйг чөлөөлсөнд Норвегийн Гадаад харилцааны сайд Эспен Барт Айде твиттертээ “Марте эрх чөлөөтэй боллоо. Бидэнд туслалцаа үзүүлсэн бүх хүнд талархал илэрхийлье” хэмээн бичсэн байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш