Эрүүл мэнд, нийтийн тээвэр, боловсрол зэрэг чухал салбарт зориулахын оронд цэнгэлдэх хүрээлэн барих ажилд төсвийн мөнгийг зарлагадаж байна гэж өнгөрсөн сард болсон, хөл бөмбөгийн холбоодын аварга шалгаруулах тэмцээний үеэр Бразил даяар тус улсын хэдэн зуун мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлж, тайван бус байдал үүсээд байсан билээ. Үүнтэй холбогдуулан "Ирэх 2014 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулагчаар Бразилийг сонгосон нь алдаа байж магадгүй" гэж Дэлхийн хөл бөмбөгийн холбооны (ДХБХ) ерөнхийлөгч Зепп Блаттер мэдэгдлээ.
Ирэх есдүгээр сард Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеффтай уулзахдаа санаа зовоосон асуудал нэмэгдэж буй талаар анхааруулахаар төлөвлөснөө ч бас нэмж дурьджээ.
Зепп Блаттер цааш хэлэхдээ "Хэрвээ ийм зүйл дахиад болвол ДАШТ-ийг зохион байгуулах эрх олгосон нь буруу шийдвэр байсан эсэх талаар бид авч хэлэлцэх хэрэгтэй болно" гэсэн байна.
Үүний сацуу тэрбээр 2022 оны ДАШТ-ийг Катарт өвөл зохион байгуулах саналаа ДХБХ-ны гүйцэтгэх хороонд мэдүүлэх талаараа ярьжээ. Учир нь зундаа Цельсийн 50 хэмд хүрч халдаг тус улсад зохион байгуулахад тоглогчид, хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдалд халтай байж магадгүй хэмээн санаа зовж буй гэнэ.