logo
Эмч эрлэгийн элч үү, авралын бурхан уу

Эмч эрлэгийн элч үү, авралын бурхан уу

2013/07/25

МУ - ын ерөнхийлөгч  асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын бие  эд эсийн задралд орж амь нас нь цаг, минутаар хэмжигдэж байна. Нэгэн цагт эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж явсан гурав дахь Ерөнхийлөгчийг эмчилэх тоног төхөөрөмж болон эмч мэргэжилтэн монголд байхгүй. Түүний амь насыг одоо л аварч, эмчилгээг яаралтай хийж эхлэхгүй бол анагаах ухаан дээд зэргээр хөгжсөн гадаадын аль ч улс орон эмчилж дийлэхээргүй болоод байгаа юм.

Түүний амь нас минут, секундээр хэмжигдэж байгаа энэ үед ШШТ-ийн эмч нар эмч  хүний өрөвч энэрэнгүй сэтгэлээр хандах нь байтугай “Н.Энхбаяр үхэж эхлээгүй учраас суллахгүй”  гэсэн  утгатай дүгнэлт бичээд сууж байсан яриа  чих дэлслээ. 
Еэ бүү үзэгд !!! Худлаа байлгүй дээ. Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалах тангараг өргөсөн эмч нар гиппократын  тангарагийн араас “Энэ тангараг хүмүүст ялгавартай үйлчилж зөвхөн эрх баригчидад захиалгаар үйлчилнэ” гэж оруулдаггүй л юм бол яагаад ШШТ-ийн эмч нар Н.Энхбаярт ялгавартай хандаж, хүний амь насыг өчүүхэнд үзээд байна вэ. ШШТ-ийн эмч нар Н.Энхбаярын биеийн байдлын тухай дүгнэлтийг анх 6 сарын 17-нд авч, үзлэг шинжилгээ хийсэн. Ингэхдээ эвдэрхий даралтын аппарттай ирчихээд “Даралт нь хэвийн л байна шүү дээ” хэмээн хээв нэг хэлээд сууж байгаа нь анхнаасаа энэ хүний төлөө нэг ч алхам хийхийг хүсэхгүй байгаа нь тодорхой.

Хүний амь насыг юугаар ч үнэлж болошгүй. Гэтэл хамгийн хариуцлагатай ажил хийж байгаа эмч, шүүх хяналтынханд Н.Энхбаяр биш наадам илүү чухал байлаа. Наадаж дуусаагүй тэдний гарт хүний амь настай холбоотой цаг, минутаар хэмжигдсэн чухал асуудал атгаастай байхад амралт зугаалга хөөцөлдөж дүгнэлт гаргах хуулийн хугацаа болох 2013 оны 07 сарын  22 өдөр хүртэл тулгасан нь анхнаасаа захиалгатай байгаа гэдгийг харуулаад байх шиг. МУ-ын төрийн тэргүүн байсан, үр хүүхэд, өтгөс буурлууд, залуу хойч үеийнхнийг их өрнөөс салгаж, “Мянгуужингийн үлгэр” гэгдэж байсан Мянганы зам дээгүүр сэтгэл амар давхих гээд ард түмэн, эх орныхоо төлөө ихийг хийсэн хүний амийг юман чинээ тоохгүй байгаа тэр эмч гэгдээд байгаа хатуу сэтгэлтнүүд монголын ард түмнийг ч уландаа гишгэж, сэтэрхий зүүний чинээ үнэлэхгүй гэдэг нь харагдаж байна.

Үгээр хэлэхийн аргагүй энэ үйлдэл нь алхам тутамд нь нотлогдсоор байна. Тухайлбал, Н.Энхбаярын эрүүл мэндийн талаарх дүгнэлтийг өнгөрсөн 7 сарын 22 нд прокурорт явуулсан гэх боловч  энгийн шуудангаар явуулсан учраас  тэр нь  прокурорт очоогүй. Тэр хооронд Н.Энхбаярын бие цаг цагаар муудаад л байна. Хэрэв тангарагтаа үнэнч жинхэнэ эмч нар байсан бол амь нас нь хоногоор биш минутаар хэмжигдэж байгаа энэ чухал үед 20 хоногийн өмнө ч өөрсдөө бариад гүймээр. Уг нь эмч хүн өвчтөнийхөө төлөө цаг нар амралт гэдгийг умартан амь насыг нь хамгаалахаар чадах бүхнээ хийдэг бусуу.  Эсвэл Н.ЭНХБАЯР  гэдэг энэ хүн дээр зориуд ингэж цаг хугацаа авч эмчийн тангарагаа мартан үхүүлэхээр шийдээд  байн уу.

Ард түмэндээ хайрлагдсан, ард түмний нэг хүү болсон Н.Энхбаярын амь насыг гурван эмч гартаа атгаж, мэдсээр байж цаг алдан “АЛЖ ” байгаа бол энгийн ард түмэн бид эмч нарт яаж итгэх вэ. Энэ бүхнээс харахад эмч нарын дунд  “захиалгат эмч, захиалгат алуурчин ” бий болоод байгааг яах ёстой вэ.

Бие биерүүгээ бөмбөг шиг шидэлж байгаа МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга Н.Энхбаярын бие нь эдгэршгүй болж, амь нас нь улам л эрсдэлтай байдалд орж байгааг ШШТ – 3 эмч эрх биш эмчийн диплом авсан юм бол  мэдмээр юм. Гэтэл нэг минутын өмнө ч гэсэн дүгнэлтээ гаргаж прокурорт шилжүүлэе гэж хийчээхгүй, прокурор нь Н.Энхбаярыг СУЛЛАХ БОЛОМЖГҮЙ гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ АЛЛАГА гэдэг нь батлагдлаа.  Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа Н.Энхбаярыг суллах нь битгий хэл дахин зохиомол хэрэг үүсгэж ял нэмэхээр төлөвлөж байхад жирийн ард түмэн бидэнд эрхийнхээ дагуу амьдрах боломж бүр ч алга даа.
 
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш