Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Куликтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд А.Б.Кулик Таныг манай улсад суух Элчин сайдаар томилогдон ирж, ажилдаа орсон явдалд баяр хүргэе гээд Орос, Монгол улсуудын уламжлалт сайн хөршийн харилцааг цаашид шинэ түвшинд гаргахад таны мэдлэг, чадвар, ажлын баялаг туршлага ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Элчин сайд Ш.Алтангэрэл цаг зав гарган уулзаж байгаад А.Б.Куликт талархал илэрхийлээд, манай хоёр улс олон жилийн сайн хөршийн уламжлалт, түүхэн харилцаатай. Энэхүү харилцаа сүүлийн жилүүдэд эдийн засгийн зарим нэг асуудлын шийдвэрлэлтээс шалтгаалаад “сүүдэртэй болсон мэт” санагдаж байгаа ба энэхүү сүүдэр, бусад саад тотгор болж байгаа зүйлүүдийг арилгах, зохистойгоор шийдвэрлэхэд хамтран ажиллах шаардлагатай юм. Үүнд та бүхнийг дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх, тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг бүгдээрээ хамтын хүчээр эрцгээх нь чухал болохыг тэмдэглэлээ.