logo
Мүүнтэй нөхцсөн монгол

Мүүнтэй нөхцсөн монгол

2011/08/25
Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.
Монгол Улсын Үндсэн хууль. Есдүгээр зүйлийн хоёрдахь заалт.

Мүүн гэж хэн бэ ?
Мүүн бол хүн. Тодруулбал солонгос эр. Нэмээд хэлэхэд их хөлийн эрхэм. Сан Мён Мүүн гэх энэ хүн өдгөө 91 насыг зооглон амьд мэнд суугаа. Өөрийнх нь бусдад таниулдгаар (www.tparents.org сайтынхаар) бол тэрбээр Хойд Солонгост 1920 оны нэгдүгээр сарын 6 (бэлгийн тооллоор гэсэн байгаа)-нд мэндэлжээ. Буян бялхсан Мүүний овогт мэндэлсэн жаал 15 насандаа чухам “Есүс амилсны баяр”-ыг цохолж байгаад Есүс Христтэй нүүр учирсан гэдэг. “1935 оны дөрөвдүгээр сарын 17” гээд огноо нь ч бий. Эгээ Евангелийн сударт гардаг шиг ууланд мөргөл үйлдэж ахуйд нь жүүд түмний суут хүү Сан Мён Мүүнийг хүн төрөлхтнийг аврах төөрөгтэй хэмээн айлдаж дээ. Нэгэнт бошиг авсан хойно аугаа үйлсийн аянд гарсан нь мэдээж. Мүүнийхээр 1960 онд Шинэ гэрээ (гэрээ шүү дээ)-ний хугацаа дуусчээ. Ингээд Мүүн Тэнгэрлиг зарчим Divine Principle хэмээх олон боть номынхоо “Эцсийн гэрээ” хэсгээр “Бурхантай дахин гэрээ байгуулсан” аж. Эцсийн гэрээний утга учир нь “Гэр бүл”. Орчин цагийн жирийн гэр бүл Мүүнийхээр ад зэтгэрийн биелэл бөгөөд гагцхүү түүний 1954 онд үүсгэсэн Эв нэгдлийн сүм Unification Church-ээр дамжих аваас нүглээсээ салах учиртай болов. Мань эр Адам, Ева хоёрын түүхийг өлгөөд авчээ. Сан Мён Мүүн 1960 онд өөрөөсөө 12 насаар дүү 18-тай оюутан охинтой гэрлэв. Уул нь Мүүн 1943 онд Сүн Гил Чой гэх бүсгүйтэй сууж 1946 онд хүүтэй болсон ч 1953 онд эхнэрээсээ салсан гэдэг ба сурвалжууд түүнийг хэдэнтээ гэрлэсэн гэдэг. Дахин гэрлэснээ Адам, Ева хоёр цаг бусаар хурьцсаны балгаар нүгэлд унасан хүн төрөлхтнийг аварсан явдал мэтээр тайлбарлаж. Үүнээс хойш тэрбээр олон юмыг өөрийнхөөрөө тайлбарласан ба тэр бүхэн зөвхөн түүнд л ашиг тусаа өгчээ. Гэхдээ түүний зам дардан байгаагүй юм. 1946, 1948 онуудад нийгмийн хэв журам зөрчсөн, садарласан зэрэг үндэслэлээр Хойд Солонгосын шоронд хоригдож байхад нь Солонгосын дайн эхэлж америкчууд суллажээ. Өмнөд Солонгост очоод ч хэл амнаас салсангүй. Хоёр эхнэртэй, хүчин хийсэн, садарласан, бусдыг хүсэл зоригийнх нь эсрэг хорьсон гэх мэт түмэн үндэслэлээр гурван сар хоригдсон ч цагаадсан байна. Мөн 1982 онд татвараас бултсан, баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр Америкийн шоронгийн хоолыг хоёр жил хороожээ. Туг ч барьж, тугал ч хариулсан эр гэвэл Сан Мён Мүүнийг хэлнэ. Тэрбээр өөрийгөө “даян дэлхийн” аврагч гэдэгт итгэл төгс явдаг. Мань Мүүн НҮБ-ын олон үйл ажиллагаанд байнга оролцдог бөгөөд НҮБ-д зөвхөн улстөрчид бус шашин шашны төлөөлөл багтах учиртай хэмээн нотолдог хүн. 2010 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнийг “Даян дэлхийн энхтайвны холбоо” гэх Манхэттанд төвтэй Эв нэгдлийн сүмийнхээ үйл ажиллагаанд оролцуулснаар даян дэлхийд “албан ёсоор” хүлээн зөвшөөрөгдсөн бололтой юм. Ямартай ч түүний 90 насны ойгоор манай гаригийн мянга гаруй нэр хүндтэй хүмүүс, түүн дотроо БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар баярын цахилгаан илгээсэн гэнэ. Эцсийн дүндээ өнөр бүлийн тэргүүн Сан Мён Мүүн бол тархи угаахдаа гаргууны дээр чадварлаг улстөрч, уран аргатай бизнесмэн билээ.

Жинхэнэ юмс
Мүүн залуу эхнэрээ “Дарь эх”-ээр өргөмжилжээ. Өөрөө мэдээж Эцэг. Монголоор “Жинхэнэ Эцэг, Эх” хэмээж буй мүүнизмийн нэршил (ЖЭЭ гэж товчилдог) эндээс үүссэн байна. Христийн шашинд суурилсан орчлонгийн хамаг шашны холимог энэ институцийн гол ёс зүйг солонгос маягийн хатуу чанд иерархийн суртал гэмээр. Эв нэгдлийн сүмийн сүсэгтнүүд Жинхэнэ Эцэг, Эхдээ үг дуугүй захирагдах бөгөөд сүм нь гишүүдээ юухан хээхнээр дутаахгүйн төлөө санаа тавьдаг гэнэ. Иймийн учир итгэн дагагсад нь хамаг хөрөнгө хогшлоо Мүүнд өргөөд зогсохгүй цалингаа бас тушаах учиртай байдаг гэж “Мистики XX века” номд бичжээ. Сан Мён Мүүн юмсыг “жинхэнэ” ба бусад хэмээн ангилж эхэлсэн байна. Өөрөө “Жинхэнэ эцэг”, эхнэр Хак Жа Хан нь “Жинхэнэ эх” гэгдэнэ. Тэдний адислан гэрлүүлсэн хосууд“Жинхэнэ гэр бүл”, элссэн хэн бүхэн “Жинхэнэ хүүхэд ”. Бусад нь жинхэнэ бус. Харин түүний “жинхэнэ” юмс эх нутагтаа нэг л явцгүй байж. Ингээд орчлонг аврагчдын өлгий нутаг Америкийн зүг хөлгийн жолоо залав. 1965 онд анх очихдоо аргыг нь олчихмоор санагдсан тул 1971 оноос хиппи, секс хувьсгал, хар тамхи, рок-н-ролл, шинэ шинэ шашны түрлэгт тархиа алдах шахсан америкчуудыг байлдан дагуулах их аянаа эхлүүлжээ. Сүнсээ арилжихаар мөнгөн тэмдэгт дээрээ In God We Trust гээд биччихсэн гэнэн улс яахав, хямарчихсан Христийн шашныг хэрхэх тухай Мүүний үгийг дуртайяа сонсоно. Хүйтэн дайны хийрхэл ид оволзож асан тэр цагт мань эр коммунизмыг хүн төрөлхтний өшөөт дайснаар зарласан нь АНУ-ын төр засагт таалагдах сэжим болов. 1975 онд Сөүлд хэлсэн Хойд Солонгосын эсрэг гал цогтой үгс нь Сан Мён Мүүнийг овоо алдаршуулжээ. Ам нь халсан эр хойтон жил нь Есүсийн хоёр талд цовдлогдсон хоёр хүний баруун талынх нь “ардчилал”, зүүн талынх нь “коммунизм” гэж тайлбарласан удаатай юм билээ. Энэ цагаас Сан Мён Мүүн элдэв төрлийн “олон улсын”, “даян дэлхийн” чуулга уулзалт, наадмуудаа бодож олж дээ. Түүний үүсгэсэн хичнээн төрийн бус байгууллага байдгийг тоолж барах хүн ховор. Тэрбээр улстөртэй гүнзгий хутгалдах сонирхолтой байж. 1974 онд Ричард Никсоныг Уотэргэйтийн хэрэгт холбогдоход нь өмөөрөн, Эв нэгдлийн сүмийн гишүүдийнхээ хамт “Уучил, хайрла, нэгд” уриан дор гурав хоногийн мөргөл үйлдэв. Коммунизмын эсрэг Мүүний тэмцэл газар авч Рональд Рейгантэй ч нөхөрлөсөн байдаг. Элдэв үг хэллэг, нэр бодож олохдоо гарамгай Мүүн “Коммунизмын эсрэг дэлхийн удирдагчдын холбоо”-г ч үүсгэв. 1987 онд Берлиний хананы дэргэд 300 хүн ч цуглуулжээ. Хожим, 1991 онд Зөвлөлтөд айлчлан М.Горбачёвтай уулзсан бөгөөд Эв нэгдлийн сүм нь посткоммунист ертөнцөд дэлгэрсэн анхны шашин болсон түүхтэй юм. Энэ мэтийг тоочвол цагийн гарз.Түүний бизнесийн цөм нь Тунгил групп (Tongil нь солонгосоор unification буюу “эв нэгдэл” гэх утгатай).
Эмийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, хэвлэлийн зах зээл дээр ажилладаг энэ групп хөрөнгөөрөө 1998 онд Өмнөд Солонгост 35 дугаарт жагссан гэдэг. Юм юмны захтай Сан Мён Мүүн харин Forbes-ийн баячуудын жагсаалтад багтсан нь үгүй. Эв нэгдлийн сүмийн хэд хэдэн төсөлд оролцсон Ричард Күэбэд уакс эрхэм The New York Times сонинд “Ноён Мүүн шашны лут зүтгэлтэн байж болох ч базаахгүй бизнесмэн юм билээ” гэж тодорхойлжээ. Ямартай ч түүнийг хөгжүүлсэн 2000 онд ”Хомроглон гэрлүүлэх үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлсэн"-ий учир Анти Нобелийн шагналаар мялаасан юм. “Энхтайван” гэж ярих дуртай Мүүний гэр бүлийн бизнесд зэвсгийн үйлдвэр багтдаг болохыг 1998-1999 онд Washigton Post, Boston Globe сонин мөн The Cult Observer Сэтгүүл эрэн сурвалжлах ажиллагааныхаа дүнд нотолсон байна. Итгэхгүй бол Google-ээр Kahr arms гээд хайж үзээрэй. Сан Мён Мүүний дөтгөөр хүү Күүк Жин Мүүний буу хэдэн хүнийг энэ хорвоогоос тонилгосныг Дэлхийн энхтайван эв нэгдлийн гэр бүлийн холбооныхон өөрсдөө тоолох биз.

Энхтайвангүй гэр бүл
Дэлхийн энхтайван эв нэгдлийн гэр бүлийн холбооны шүтээн “Жинхэнэ гэр бүл” 14 хүүхдийн эцэг эх болсон ч нэг охин нь багадаа энджээ. “Жинхэнэ эцэг”-ийн “жинхэнэ бус” ууган хүү Хё Жин Мүүн хар тамхи, архинд донтон хоёронтаа эмчлүүлсэн гэнэ. Хёгийн 19 насандаа авч суусан “жинхэнэ эхнэр” Нан Сүүк Хоны 1998 онд хэвлүүлсэн Сарны сүүдэрт: Санваартан Сан Мүүнийд өнгөрүүлсэн миний амьдрал ном энхийг сурталдагч гэр бүлийн далд амьдралыг олонд дэлгэв. Рок сонирхдог “жинхэнэ хүү” бусдын л адил эхнэрээ араар нь тавьдаг, нэвширтэл зоддог байсныг 15 насандаа эрд очиж, таван хүүхэд төрүүлсэн бүсгүй илчилжээ. Харамсалтай нь Хё 2008 онд зүрхний шигдээсээр тэнгэрт хальсан байна.
Бас нэг “жинхэнэ хүү” Хын Жин Мүүн 1984 онд согтуугаар машин жолоодож яваад осолдон эндэхэд “Жинхэнэ эх” нь “Жинхэнэ эцэг”-ийнхээ золионд явсан гэх утгатай мэдэгдэл хийсэн аж. Энэ гэр бүлийн асуудал үүгээр дууссангүй, Жин Сан Мүүн гэх охин нь гэрээсээ оргон Нью-Йорк хотод амьдарч байгаа бол Ан Жин Мүүн гэдэг нөгөө охин нь Виржини мужийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөр дээрээ авах их ажилтай явна. “Жинхэнэ эцэг”-ийн шийрийг хатааж яваа гутгаар хүү Хён Жин Мүүн нь 2004 оны арван нэгдүгээр сарын 26-нд Өмнөд Солонгосын Гуанжү сүмд айлчлахдаа “Бурхан амьдралын дадлага туршлагаар дамжуулан зааж сургаж өгдөг. Алхам алхмаар урагшлах бүртээ Бурханы зам мөрийг харж болно. Зовлон шаналлаар дамжуулан мэдэрч ойлгосон ухаарал хамгийн чухал сургамж мөн” гэж хэлсэнчлэн (эх сурвалж: http://cafe.daum.net/happybloom) энэ гэр бүлийн үүтгэсэн (тодорхойлж хэлэхэд үнэхээр төвөгтэй) байгууллага ч ухааралд хүргэх ужиг зовлонд автжээ. Дэлхий даяарыг хамарсан гэх янз бүрийн нэртэй ч ганц “Жинхэнэ эцэг”-тэй байгууллагын Монгол дахь салбарын наждыг энэ оны дөрөвдүгээр сард нээгдсэн www.tsuurai976.blogspot.com хуудсаас уншиж болно. “Бак Бу Хыи гэж хэн бэ?” нийтлэлээс харвал ноднин Монголын энхтайван эв нэгдлийн хөдөлгөөний Үндэсний удирдагчаар томилогдон ирсэн Бо Хи Пак гэгч нь байгууллагынхаа мөнгийг шамшигдуулан хоёр жил дөрвөн сар шоронд суусан нөхөр байсан тул Монголын мүүнистүүд хүлээж авахаас татгалзсан бололтой. Уул нь мань эр “Эв нэгдлийн хөдөлгөөний хоёрдогч үе болон төрсөн миний (уг нийтлэлийн эзэн Анхаа багшийн) хувьд та бага насны маань шүтээн байсан. Өндөр нуруутай, үнэхээр харахад л сэтгэл татагдам төрхтэйн дээр англиар ус цас шиг ярьдаг, ЖЭЭ-д насан туршдаа орчуулга хийж ирсэн Бо Хи Пак тэргүүн. АНУ-ын Вашингтон хотын төвд Вашингтон Таймс-ыг байгуулж, ЖЭЭ Горбачёв, Ким Ир Сентэй уулзах замыг нээсэн Эв нэгдлийн хөдөлгөөний баатар...” байжээ.
Нас дээр гарсан “Жинхэнэ эцэг”-ийнхээ үгэнд ордог “жинхэнэ хүүхэд” ч ховордож байгаа бололтой юм. Адислагдсан төв гэр бүлийн гишүүн Батгэрэлийн тус блогт нийтэлсэн “Сүүлийн үеийн мэдээ” үүнийг нотолно: “Эхлээд Жинхэнэ Аав тов тодорхой Жинхэнэ Аавын орлогчоор ерөнхийлөгч Хуан Сон Жуг томилсон. Тэгээд нэг удаа бус, хоёр удаа дарааллан цохон айлдсан. Гэвч Күүк Жин Нимийн тал үүнийг үл ойшоож, хэдэн өдрийн дараа Хуан Сон Жу ерөнхийлөгчтэй холбогдсон эсэргүүцлийн захидлыг дэлхийн бүх гишүүдэд дамжуулан том будлианыг тарилаа”. Энэ мэт тулга тойрсон хэрүүлийг heavenlyway. wordpress.com, tsuurai976.blogspot.com зэрэг блогоос залхталаа уншихаар. Шинэ гэрээний орчуулга шиг модон хэлтэй болохоор зарим өгүүлбэрийг нь ухаж ойлгоход л жаахан төвөгтэй. Гагцхүү “жинхэнэ”-үүдээс бүтсэн Дэлхийн энхтайван эв нэгдлийн гэр бүл гэлээ гээд эгэл айлын амьдралаас хэтийдчихсэн юм үнэндээ алга. Даян дэлхий яах вэ, тоонон дороо тэр энхтайвнаа цогцлоо гэмээр санагдана, буман зовлонтой түмэн нэртэй нөхөд минь.

Олон нэрийн ганц утга
“Хонхот хүүхэлдэй ганцхан дуутай харин бид нар олон дуутай...” гэдэг дээ, “Тэр” үнэндээ түмэн нэртэй. Нэг нь “Дэлхийн энхийн их наадам”, түүнийг үндэслэгч нь Мүүний хүү Хён Жин бөлгөө. Энэ байгууллагын нэрийг GPF хэмээн англиар товчилдог. Монголд байгаа салбарынхан нь байгууллагаа шашны бус гэж нотлох бөгөөд тэгж ч ухуулдаг. Сан Мён Мүүн анхнаасаа “шашин” гэгдэхийг хүсээгүй аж. Тэрбээр Энхийг бүтээгч дэлхийн иргэн номдоо “...Гэхдээ сүм гэдэг нэрэнд тийм ч их дуртай биш. Сүм гэдэг үгний утга нь “Заах цуглаан” юм. Шашин гэдэг нь “Оргил охь сургаал” гэсэн үг юм... Миний хүсч буй зүй бол ямар ч шашны урсгалгүй сүм юм” гэжээ. Эндээс мүүнизмийн бантан эхэлдэг. Чухамдаа бол үндэслэгчтэй, шүтээнтэй, судар номтой, ёс зүйтэй, зан үйлтэй, дагалдагсадтай нийгмийн институцийг “шашин” гэдэг. Энэ тодорхойлолтод нийцэж байвал шашин мөн бөгөөд коммунизм үүнтэй яв цав таардаг билээ. Ташрамд сануулахад бөөг “шашин” хэмээн мэтгэгчид бас нэгийг бодоорой. Гэхдээ энэ байгууллагыг цаашид үзэл онол гэдэг утгаар нь “мүүнизм” гэвэл хэн хэндээ гомдолгүй биз ээ. Мүүнистүүд дотроо нэг, хоёр дахь үеийнхэн гэхчилэн зиндаархдаг. Цаашаа үргэлжлэх юм биз. Нэгдэх үеийнхэн мэдээж эрх мэдэл, эд баялагт илүү ойр. Үүнээс улбаалсан хэрүүл төрсөн эх, хүү хоёрын дунд ч гарч байж. Нүүрээ барах тоолондоо харин нэрээ сольдог аргатай ч юм шиг. 2007 оноос One family under God уриатай зохиогдох болсон Дэлхийн энхийн их наадмын тэргүүн Хён Жин Мүүн 2004 онд Чёнпонд хийсэн семинарынхаа үеэр “... Гэвч Эв нэгдлийн сүмийг эргэн хараад үзвэл бүгд шалбааг болж орхисон. Үнэндээ тэнгэрийн утга учир бүхий зам мөрөөр явж байгаагийн учир шалтгаан нь юу вэ? Ямар (нэг?) зүйлийг авахын тулд энэ зам мөрөөр явж байгаа юм уу? Бурхан хүн төрөлхтний түүхийг ингэж эхэлсэн юм уу? Аягүй, хэтэрхий дэндүү байна” гэж хэлж байжээ. Ерөөс тэрбээр энэ семинар дээр нэгдүгээр үеийнхэн, түүн дотроо Тунгил группийн удирдлагууд эд мөнгөнд тархиа алдсаны учир сүмдээ шинэ өнгө оруулна гэдэг санаагаа хэлсэн байна. Мүүнизмийн байгууллагуудын жагсаалтыг цувуулах төвөгтэй, хүсвэл List of Unification Church affiliated organizations гэдэг үгээр түлхүүрдэн интернэтээр хайна биз. Хүн төрөлхтөн энэ гэр бүлд харъяалагдах олон юмыг чухам юу гэж тодорхойлохоо мэдэхгүй л сууна. Үнэндээ www.maranta.mn сайтад бичснээр “шашны байгууллага ч юм шиг, төрийн бус байгууллага ч юм шиг үйл ажиллагаатай” юм. Гэхдээ юу ч гэж нэрлэсэн байлаа дэлхий нийтээрээ “Эв нэгдлийн сүм” гэж л хүлээн авдаг. Бүр “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэсэн байлаа ч тэр. Мүүнийхэн овтой улс. Аль нэг орныг хамарсан чухал үйл явдлыг зүгээр өнгөрөөнө гэвэл гонж. Нэг нэр бодож олоод л очоод наалдчихна. Бүх үйл ажиллагаа нь “Шашны зорилго юу вэ? Бурханы хүслэнт дэлхийг цогцлоон бүтээх үйл. Илүү олон хүнийг шашны дэлхий рүү гэрчлэн оруулах гэж хичээж чармайж байгаагийн учир нь илүү олон хүнийг Бурханы иргэн болгохын төлөө юм. Бүх хүн Бурханы ард болчихвол манай дэлхий дахин дайн дажин, үймээн самуунгүй, энхтайвны дэлхий болно. Эцэстээ шашны явах зам нь энхтайван билээ” гэх Энхийг бүтээгч дэлхийн иргэн номын үзэл санаагаар төгсөнө. Бурхан гэх нэр томьёо шашинтай холбоотой. Аль ч Мүүн, юу ч гэж нэрлэсэн байсан тэдний байгууллагыг шашин л гэхээс өөр аргагүй. Хён Жин Мүүн нэгэн номынхоо нээлт дээр “2008 оныг эргэн харвал бид дэлхийд хамгийн өндөр оргил өөд урагшилж байсан. Тэр үед та нар ямар байсныг мэдэхгүй ч би 2013 он хүртэл Бурханы улс орныг эрж олохыг чин сэтгэлээсээ хүсэж байсан билээ. Би тэрхүү боломжийг GPF (Дэлхийн энхийн их наадам. бичигч)-ээр дамжуулан харуулахыг хүссэн юм. GPF-ээр дамжуулан манай хөдөлгөөн өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй байсан дадлага туршлагаа хийн урагшлах боломжтой” хэмээн ярьснаас харвал эцгийн хүрээгүйд хүрэх шинэ арга зам хайсан хүүгийн санаа хоёргүй утгаар ойлгогдоно. Гэхдээ мүүнчүүд хүний толгой эргүүлж хэдэн үгэн дунд төөрүүлээд сурчихсан гайхлууд даа.

Төөрсөн төр
Хэдэн сарын өмнөөс UBS телевизээр Дэлхийн энхийн их наадамд ажиллах хүсэлтэй солонгос хэлтэй хүмүүсийг бүртгэж байгаа зар цацагдав. Олон улсын үйл ажиллагаа хэзээнээс солонгос хэлээр явдаг болсныг гайхасгээд өнгөрлөө. Удалгүй “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын зохиох “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох юм гэдгийг мэдэж авлаа. Мүүний шашинд Монгол улсын иргэн хэн боловч элсч болно. Амь амьдралаа зориулаг, хамаа алга. Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх нь бичээтэй бий. Ямар ч төрийн бус байгууллага нь тэдэнтэй хамтарч, хуулиар хориогүй юу ч хийсэн дурны хэрэг. Ардчиллын зарчим ийм. Харин төв талбайд байрлуулсан сурталчилгааны самбар дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол улсын Гадаад яамны эмблем байх юм. Хажууд нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн лого ч бас харагдана. Наадмын хөтөлбөрийг үзлээ. Наймдугаар сарын 25-ны өдөр Чингис хаан болон Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх уг наадам үнэхээр төрийн хэмжээнд болох аж. Төрийн ордны Их танхимд “Жинхэнэ гэр бүл”-ийн “жинхэнэ ажиллагаа” явагдах нь. Монгол төрийн зарим түшээ Энхийн их наадмын олон хөтөлбөрийн заримыг хамтран зохион байгуулах гэнэ. Харин Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг “Дэлхийн монгол туургатны энхийн их наадам” гэдэг томьёоллоор тогтоолын төсөл гардан бэлтгэсэн гэдгээ хэллээ. Улмаар 239 тоот тогтоол ёсоор уг наадамд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 150 сая төгрөг гаргахаар шийдсэн аж. Гадаад харилцааны яам сайт дээрээ “Дэлхийн монгол туургатны энхийн их наадам болно” гэдэг мэдээ ч оруулж. зохион байгуулах хорооны дарга нь Сайд Г.Занданшатар юм байна. “Дэлхийн монголчуудын чуулган”-ы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, “Энхтайван найрамдлын төлөө холбоо”- ны ерөнхийлөгч Д.Цахилгаан нарт ч тус тусад нь үүрэг хүлээлгэжээ. “Ерөнхийлөгчийн ивээл зор зохион байгуулагдах Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Уг наадмыг зохион байгуулах Засгийн газрын тогтоол долдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Гүйцэтгэх засаглалаас гарсан 239 дүгээр тогтоолд “Дэлхийн монгол туургатны Энхийн их наадмыг 2011 оны 8 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай” гэсэн заалт тусчээ.” Үүнийг Энхийн их наадмыг албан ёсны сайтаас авлаа. Энэ тохиолдолд манай төр Үндсэн хуулиа зөрчжээ. Сайхан бантан, мүүнистүүдийн үндсэн арга барил л даа. Найр наадам гэхээр ухаанаа тавьдаг монгол зангаараа манай төр Хён Жин Мүүнд хулхидуулсан бололтой. Дайран дээр нь давс гэгчээр БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг удахгүй төрийн айлчлал хийнэ. Юм юм холилдсон хярамцаг ч болох нь дээ, болох нь. Хён Жин Мүүн Бурханы бэлэглэсэн азтай тохиолыг хүлээн алгаа үрж л суугаа. Ачир дээрээ бол монгол хүнийг ямар ч Бурхан эзэмдээгүй гэдгийг мэдэхгүй яваа Мүүний хүү л эцэстээ алдах байх. Ажү (“амээнь”-тэй дүйх мүүнистүүдийн хэллэг).

Орчуулуулмаар үгс
Орос хэл мэддэг бол нэг загнахсан гэдэг шиг солонгосоор ойр зууртай бол Хён Жин Мүүнд нэг хэлмээр санагдана. Хэдий Монголын төрөөс хэдэн цаас гаргуулаад наадам зохиосон ч оймс мэтхэн зарах гээд гудамжинд гарах монголын тоо нэмэгдэхгүй. Үүнийг баттай хэлье. Хэдэн зуун жилээр дагасан шарын шашиндаа ч өөдтэй сүсэглэдэггүй улс шүү дээ, бид чинь. Бүр сахил санваартай лам нар нь хүртэл “ёстой жинхэнэ” Дээрхийн гэгээнээсээ сахилга муутай гээд банга хүртдэг юм. Таныг дагасан монголчуудыг ч бас “тааруухан” үнэлдгийг “жинхэнэ хүүхэд ”-ийн чинь сайтаас уншсан. Баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэг үнэр танаргүй нэг үгийг монголчууд хэлцдэг юм. Туурга тусгаарласан Манжийн төрөөс сар бүр пүнлүү авч суугаагаа “хорлож байна” гэж л тайлбарласан улсын үр саддаа, бид. Харин төөрөлдсөн төртэйгөө бол хатуу ярина. Төөрөлдүүлж байгаад Монголын мөнгөөр наадам хийнэ гэж бодож яваа та мэхт мэхэндээгийн үлгэр л болох вий.
Манай төр чинь малдаа хүртэл мөнгө өгдөг юм шүү дээ. Айжүү (хүүхэд сэрэмжлүүлэх монгол аялга)..

Нийтлэлч Батбаяр.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш