logo
Төсөл /шог өгүүллэг/

Төсөл /шог өгүүллэг/

2011/08/25
Есөн сарын нэгэн дөхөж дэвтэр ном, хүүхэд шуухдын яриа ид өрнөж байтал үүнтэй зэрэгцэн “Мэддэг Бужаа гуай төсөл хэрэгжүүлэх гэнэ, цаана чинь” гэх үг сумаар нэг тарлаа. Зөнөсөн хөгшин бас л зөнөглөж хүүхэд нохойн доог болох гэж байгаа биз хэмээн сумын төвийн аманцар авгайчуул амны зугаа хийсэн бол юмны учир мэдэх зарим нэгэн хүн сумын тамгын газраар орж гарч түшмэдүүдийн хаалгыг онголзуулж чухам юу гээч төсөл болох тухай асууж шалгаан бөөн яршиг удав. Харин маргаашнаас нь чих Балжир:

-Цаад хөгшин чинь “мэддэг” хочтой хүн гэхээрээ аюулын юм сэдээд орхиж! хэмээн айл айлд ярьж, нүдээ орой дээрээ гарган толгой сэгсрэн шогширч явлаа. Мэддэг Бужаа гуай хуучин цагт сургуулийн нүүрсний пин байгаад хаягдсан шавар тагзыг сэргээн засварлаж, боловсон бие засах газар байгуулах төсөл хийсэн нь яамнаас дэмжигдсэн нь энэ аж.

Сумын сургуулийн дотуур байранд жил дараалан шар өвчин гараад байгаа нь сургуулийн боловсон бус “00”-оос шалтгаалсан гэж шинжлэх ухаанаар нотлоод, ултай суурьтай тооцоолж гурван сая төгрөгийн төсөв хийснийг нь яамны дарга нараар барахгүй гадаадын мэргэжилтнүүд нь хүртэл магтсан юм байх.

Энэ үг үнэн болох нь батлагдаж төслийн судалгааны багийнхан гэх өндөр хамартай гурван шар хүн, бас төдий зэрэг монгол хүний хамт сумын буудалд ирж буулаа. Тэд ажилдаа шуурхай орж, сумын төвийн хүүхэд авгайчуудаас асууж шалгаан судалгаа авснаар барахгүй сургуулийн хуучин яйжгар жорлон руу дахин дахин орж байдалтай нарийвчлан танилцаж байлаа.

Хэд хонож байтал чих Балжир гуай бас л нүд нь орой дээрээ гарчихсан хар үүрээр айл айлын хаалга татлан гүйв.

-Хүүе та минь, нөгөө төсөл чинь сургуульд биш, буудалд хэрэгжчихжээ! Буудлын ард боловсон жорлон бариад орхиж, өнөөдүүл чинь! гэж тэр чарлаж явлаа. Нөгөө гурван гадаад хүн нь буудлын муу сарампайд морь харж чадахгүй гэснээс үтэр түргэн асуудлыг шийдсэн нь энэ болж таарав.

Тэр өглөө нь сумын тамгын газарт “Боловсон бие засах газар” төслийн багийн зөвлөгөөн боллоо. Төслийн багийн гишүүн, төслийг санаачлагч мэддэг Бужаа гуай босч ирлээ.

-Арай дэндлээ! Нэг муу пинд хоёр шаазан суултуур зоохын төлөө зургаагийн зургаан хүн ирж судалгаа хийхдээ яах вэ дээ! гэж тэр хэлэхдээ уурласнаас болоод гар нь салгалан чичирч байлаа.

Зургаан хүний буудал унааны зардал, өдөр бүр хаа байгаа аймгийн төвөөс тахиа шувууны мах зөөхөд Бужаа гуайн төсөвлөсөн гурван сая аль хэдийнээ урсчихжээ. Түүгээр ч барахгүй буудлын ард боловсон бие засах газар барихад нэмээд гурван саяын зардал гарсан байв. Гэвч сумын дарга бүр ч илүү ууртай:

-Тэгж яривал бас гурван хүн “Чингис” зочид буудалд хоногийн гурван зуун доллараар байрлаад энэ төслийг чинь төвөөс ерөнхийд нь удирдаж байгаа. Мөнгө зардал бол юу ч биш! Улс орны нэр хүнд чухал! гэж тэр Бужаа гуайг зандарлаа. Гурван сарын дараа төслийн судалгааны багийн ажил дууслаа. Түлээний хуучин пинг ариун цэврийн шаардлага хангахгүй гэж үзэж шинээр барилга барих болсноор барахгүй хичээлийн танхимаас бие засах газар хүртэл бин битүү шилэн хоргоор агаарын зам, дотуур байрнаас бие засах газар луу газар доогуур хонгил зам тавихаар зураг төсөл хийгдсэн байлаа.

Хуучин нэгдэл гэж байх үед барилга барьдаг байсан хэдэн хүн ажилтай боллоо гэж баярласан нь талаар боллоо. Гурван мянган бээр алс, далайн чанадаас төсөл хэрэгжүүлэгч улсын нарийн мэргэжлийн барилгачид ирсэн төдийгүй ган хоолой суултуураас авахуулаад ширхэг хадаас ч хүртэл бүгдийг энэ улсаас авна гэсэн заалт төсөлд туссан байлаа. Барилгын ажил чухам тэр улсын нарийн чанд горимын дагуу явагдсан нь Бужааг бүр их бухимдуулав.

-Наад зуурмаг чинь хатчихсан байна шүү дээ дараагийн ажилдаа орооч! гэж тэр гадаад даамалд хэлэх боловч цаадах нь толгой сэгсэрнэ.

-Манай улс борооны улиралд зуурмагийг сар хатаадаг номтой гээд хөдлөхгүй.

Бужаа гуай дэмий л:
-Тэр борооны улирал чинь танайдаа л байдаг байгаа юм биз. Манай говьд сүүлийн гурван жил бороо оролгүй гангийн халуун нар шарж байна, харахгүй байна уу? гэж үглэсэн боловч хэн ч түүнийг сонссонгүй. Дараа жилийн есөн сарын нэгэнд шил толь болсон боловсон бие засах “цогцолбор”-ыг хүлээн авав.

Улсын их хурлын гишүүн Равсал гуай үг хэлж, гадаад ноёдтой тууз хайчлахаар бэлтгэх байдалд зогсохуйд, тооны багш Дулам:

-Ийм сайхан, боловсон бие засах газрыг таван зуун сая төгрөгийн зээлээр босгож өгсөн гадаад нөхдөдөө хязгааргүй баярласнаа хэлээд нулимсаа арчиж байлаа.

Дайллага цайллага болж зочид буцсаны дараа л боловсон “00”-д хэрэгцээтэй ус суманд байхгүйг санацгаав. Сумын дарга дэлбэртлээ уурласан бол сургуулийн захирал:

-Уурлах юу байх вэ, гүн өрмийн худаг барих төсөл хийе гэж байна. Сумын даргын нүд сэргээд,

-Нээрээ тэгье, тэр Бужааг бушуу дууд! гэж хашхирлаа.

А.Амарсайхан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш