logo
Тэр залууг хожим нь Их Оросыг удидана гэж хэн саналаа

Тэр залууг хожим нь Их Оросыг удидана гэж хэн саналаа

2013/08/01
Аль эрт өнгөрч одсон ЗХУ-ын үед хэн ч мэдэхгүй Путины байгуулсан гавьяа...
Энэ түүх нь янз бүрийн хэлэлцүүлэг өрнүүлснээр олон нийтийн хүртээл болсон байдаг. Энд Дрезден хот дахь залуухан дэд хурандаа Владимир Путины албаны тухай болон 1989 онд үйлдэгдсэн, өнөөг хүртэл хүмүүс мэдэхгүй тэр гавьяаны тухай өгүүлнэ.

Берлиний хана нуран унасан тэр шөнө бужигнасан 5 мянган хүн Германы тагнуулын байгууллага болох Штазигийн байрыг бут ниргэж байв. Тэд байгаа бүхнийг тэр бүү хэл архивын файлууд, БНАГУ-ын тагнуулчдын нэрс бүхий баримт бичгүүдийг ч зөөн одож байлаа. Архивын дээрх бичиг баримтууд тэдний гарт орсноор тэр олон хүний хувь заяа аймшигтайгаар хувирсан билээ. Тэр байшин ч бүрмөсөн тоногдон сүйрэв. Энэ байшинтай хиллэсэн хананы цаана ЗХУ-ын КГБ-гийн /Улсыг аюулаас хамгаалах хороо/ хилийн чанад дахь салбар байгууллага нь байрлаж байв. Дарга нь үймсэн олныг олж хармагцаа зугтаан одлоо. Үлдсэн хүмүүс дотроо албан тушаалаараа ахалж байсан дэд хурандаа энэ үймсэн олон одоо КГБ-гийн байранд дайран орсноор Штазид юу тохиолдсон тэр бүхэн тохиолдоно гэдгийг ойлгоод хөрш цэргийн анги руугаа утас цохиж тусламж хүсчээ. Харин цэргийн ангийн генерал өмнөөс нь “Москвагийн тушаалгүйгээр танайхыг хамгаалуулахаар байлдагчдаа өгч чадахгүй” гэх нь тэр. Гэтэл Москва чив чимээгүй, утасны дуудлагад нь ч хариу өгөхгүй, ер нь хэн ч юу хийхээ ч мэдэхгүй болоод байлаа.

Тэгтэл ч нөгөө цугларсан олон ЗХУ-ын КГБ-гийн хашаанд ороод иржээ. Гартаа шилтэй пиво барьсан согтуучууд шүү дээ. Даргаа орлож хоцорсон дэд хурандаа тэр олон руу ганцаараа угтан гарч, хилэн бадарсан хүмүүсийг ганцаараа зогсоохыг оролдон тэдэнд хандаж “Берлиний хана нуран унасан нь манай улсын сайхан сэтгэлийн илрэл юм шүү. Харин энэ бол бидний хамгаалж байгаа байшин. Энэ бол Зөвлөлт Холбоот Улсын өмч юм. Та бүхэн зөв ойлгоорой, энэ чинь өөр улс орны өмч юм шүү. Офицерууд бид үүргээ л гүйцэтгэж байна...”гэв. Тэнд нийт 8 офицер байлаа. Тэд буудлагын сүвээр онилон харах мэт цонх болгон дээр гартаа буу бариад зогсоцгоож байв.

Харин дайзандаа 12 сумтай гар буу барьсан дэд хурандаа үймсэн олны замыг хаан зогсоно. Тэр олон хүн түрэн орж ирэхэд дэд хурандаа “Намайг офицер хүн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Надад 12 сум байна. Нэгийг нь би өөрөө өөртөө үлдээлээ. Гэхдээ би өөрийнхөө үүргийг биелүүлэхийн тулд буудах л болно доо. Өөрөөр байж би чадахгүй, яагаад гэвэл би чинь офицер хүн” гэж хэлэв. Тэр ингэж хэлчихээд эргээд байшин руугаа өгссөн шатаар алгуурхан өгсөж эхэллээ. Тэрбээр хэн нэгэн нь чулуу юм уу, эсвэл пивоны шил нуруу руу нь шидчихэж бүрэн болох юм гэдгийг хүлээсээр удаан гэгч нь алхаж байлаа. Тэрбээр маш удаан өгсөж байв. Тэгээд дээр гармагцаа эргэн харвал нөгөө олон хүн таран одоцгоож эхлэхийг олж харав.

Тэр шөнө нэг ч герман хүн ЗХУ-ын КГБ-гийн байранд ороогүй билээ. Хэн ч архивын материалуудад нь гар хүрсэнгүй. Дрезден хотод өнөөг хүртэл олон хүн энэ түүхийг ярьдаг байна. Бараг домог болсон энэ түүх Дрезденд одоог хүртэл амьд хэвээрээ л байна. Тэр үед нэр ус нь юу ч өгүүлэхгүй, хэнбугай нь ч мэдэхгүй нэгэн дэд хурандаагийн үгийг дагасныгаа германчууд бахархалтайгаар ярьцгааж байна. Харин одоо энэ дэд хурандааг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гэдгийг бүх дэлхий мэднэ...

Э.АМАР
Эх сурвалж: fishki.net
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш