Оросын үнэн алдартны сүм дайн байлдааны улмаас хохирон хэлмэгдэж байгаа Сирийн хот суурин газрын оршин суугчдад тусламж болгон 1,3 сая ам.доллар шилжүүлэхээр бэлтгэж байна. Үнэн алдартны бүх сүм хийдүүдэд бүтэн сарын туршид хандив цуглуулах ажиллагаа үргэлжиллээ гэж “Известия” сонинд сүм хийдийн буяны үйлс, нийгэмд үйлчлэх хэлтсийн хэвлэлийн албаны дарга Василий Рулинский мэдэгдэв.
“Антиохын сүмд /энэ төв нь Дамаск хотод байдаг/ манай сүмийн гадаад харилцаа, хөгжлийн хэлтсийнхэн байлдааны улмаас хохирч байгаа хүмүүст тусалж байгаа. Сирийн эдгээр хүмүүст дулаан хөнжил гудас, хоол хүнсний зүйлс, эрүүл ахуйн эдлэлүүдийг олгосоор байна. Тиймээс бидний туслалцаа нэн чухал байна” гэж Рулинский хэлжээ.
Зургадугаар сарын сүүлчээр Москва болон бүхий л Оросын патриарх буюу дээд хамба Кирилл Сирийн дайн байлдааны улмаас хохирч байгаа хүмүүст туслахыг сүсэгтэн олондоо уриалсан билээ. Оросын үнэн алдартны сүмээс цуглуулсан дээрх мөнгийг Антиох болон хамба лам Х Иоанн болон Сирийн лалын шашинтнуудын Дээд Муфтий Ахмад Бадр- эд- Дин Хассун нарт шилжүүлэх аж.
Өнгөрсөн оны 7 дугаар сараас хойш Сирид сар тутам 5000 илүү хүн амиа алдаж байгаа бөгөөд хоёр жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 93 мянган хүн амь үрэгдээд байна. Мөн Сирид хүний эрхийг зөрчиж буй явдлыг мөрдөн шалгах НҮБ-ын бие даасан комиссийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаан дээр Сирийн мөргөлдөөн нь тус улсын эдийн засагт 60-80 тэрбум долларын хохирол учрууллаа гэж мэдэгджээ.
РАЛЬДИЙ.А