Өсвөр насны Итали охин Каролина Пиккио үе тэнгийнхэнтэйгээ л адил Facebook дээр сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлж, зургаа оруулдаг байжээ. Гэвч түүний үдэшлэг дээр согтуу байгааг харуулсан бичлэг Facebook -т тавигдсанаар хэрэг мандаж, олон зүйлийн учрыг олж таниагүй байгаа 14 настай охины хувьд "нийгмийн сүлжээ" гээч зүйл хар дарсан зүүд болж хувирсан байна.
Хуучин үерхдэг байсан хөвгүүн болон түүний найзууд нь Каролинаг доромжилсон утгатай үгсийг "Facebook" –ээр дүүрэн цацах болов. Цахим орон зайд эхэлсэн энэ хэрэг явдал яваандаа амьдрал дээр, сургууль дээр нь ч Каролинаг өдөр бүр зовоох болж, бусад найзууд нь өнөөх бичлэгийг олоод үзчихжээ. Италийн хойд хэсгийн Новара хотод амьдардаг тэрээр энэ талаараа гэрийнхэндээ хэлээгүй байна. Гэхдээ сүүлдээ үе тэнгийнхний доромжлол түүний хувьд тэсвэрлэхийн аргагүй санагдах болсон бололтой.
2013 оны 6-р сарын 5-ны өглөө Каролина унтлагынхаа өрөөний цонхноос үсэрч амиа хорлосон байна. Каролина өөрийг нь доромжилсон хүмүүст хандаж захидал үлдээснийг түүний ээж Кристина Зокка CNN –ийн сэтгүүлчид үзүүлжээ. Аргаа барсан охин захидалдаа "Одоо та нар баяртай байна уу. Намайг доромжилж ханав уу. Хариугаа хангалттай авсан биз дээ" гэж бичсэн байна.
Одоо хуульч Францеско Салуззо Каролинаг амиа егүүтгэхэд хүргэсэн байж болзошгүй, доромжилсон утгатай контентыг устгаагүйнх нь төлөө Facebook –ийн эсрэг зарга үүсгэх боломж байгаа эсэхийг судалж байгаа юм байна. Хуульчид байгаа баримтаас үзэхэд Каролина "WhatsApp" нэртэй мессенжерийг мөн ашигладаг байсан бөгөөд түүнд уг мессенжрээр 2600 бүдүүлэг мессеж ирээд байжээ.
РАЛЬДИЙ.А