logo
Хүүхэд

Хүүхэд "бэлэглэдэг" телевизийн шоу маргаан дагуулав

2013/08/05

Телевизүүдийн ширүүн өрсөлдөөн хүмүүсийг ийм зүйл хийхэд хүргэнэ гэж хэн санахав. Пакистаны нэгэн телевизийн шоу олны анхаарлыг татахын зэрэгцээ маргаан дагуулаад байна. Учир нь оргил цагаар гардаг "Аман Рамазан" нэртэй энэ шоуны үеэр эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийг хүмүүст "бэлэглэдэг" ажээ. Аамир Лиакуат Хуссайны хөтлөн явуулдаг энэ шууд нэвтрүүлэг Рамадан сарын үеэр өдөрт 7 цаг цацагддаг байна.
Хуссайн нь өөрөө шашны чиглэлээр цол зэрэгтэй төдийгүй телевизийн алдартай од, бүр секс бэлэг тэмдэг болсон хүн гэнэ. Түүний шашин болон энтертайнмент хоёрыг ийнхүү "хослуулж" байгаа нь багагүй шүүмжлэлд өртдөг аж.
Хуссайн сэтгүүлчид хандан "Зул сарын үеэр Санта Клаус хүн бүрт бэлэг өгдөг биз дээ. Харин бидний хувьд Рамадан сар бол маш онцгой үе. Хүмүүсийг аз жаргалтай болгож, тэднийг урамшуулах нь маш чухал" гэж ярьсан байна.
Шоуны үеэр хүмүүст бэлэглэсэн хүүхдүүдийг "Chhipa Welfare Association" хэмээх төрийн бус байгууллагынхан олжээ. Гэхдээ хүүхдийг дурын нэг хүнд өгдөггүй байна. Тус байгууллагын тэргүүн Рамзан Чиппагийн хэлснээр түүний хамтрагчид гудамжинд хаягдсан хүүхдүүдийг олдог бөгөөд тэдгээр хүүхдүүдийг өөрсдийнх нь байгууллагад бүртгүүлсэн, тодорхой шалгуур хангасан эцэг эхэд өгдөг аж.
Гэхдээ шоунд уригдсан эцэг эхчүүд өөрсдөд нь хүүхэд өргүүлэх эсэхийг урьдаас мэдээгүй байдаг байна. Дашрамд дурдахад лалын шашинтай Пакистан улсад хүүхэд үрчлэх талаар хууль байдаггүй юм байна.
РАЛЬДИЙ.А

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш