logo
Вьетнамын интернэтийн хяналтын хуулийг АНУ шүүмжиллээ

Вьетнамын интернэтийн хяналтын хуулийг АНУ шүүмжиллээ

2013/08/07
Вьетнамын хууль тогтоогчдын шинээр баталсан интернэтийн хяналтын тухай хуулийг АНУ эрс шүүмжиллээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан уг хууль ирэх 9-р сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд нийгмийн сүлжээг зөвхөн "хувийн мэдээлэл" –ийг солилцоход ашиглана гэсэн зүйл заалттай аж.  Ханой дахь АНУ-ын элчин сайдын яам шинэ хуулийн талаар ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
"72-р Тогтоол" нэрээрээ олонд танигдаад байгаа интернэтийн хяналтын тухай хуулиар "Вьетнамын засгийн газрын эсрэг", эсвэл "үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулах" материалыг онлайн вэбсайтуудад тавих нь хориотой юм байна. Түүнчлэн уг хуулинд "Twitter, Facebook гэх мэт олон нийтийн харилцааны вэбсайтуудыг зөвхөн хувийн мэдээлэл солилцоход ашиглана" гэсэн заалт тусгагджээ. Мөн гадны интернэт компаниуд серверээ Вьетнамд байрлуулах ёстой гэсэн шаардлага ч орсон талаар "Associated Press" мэдээлэв.
Дашрамд дурдахад "Хил Хязгааргүй Сурвалжлагчид" бүлгийнхэн нэг намын тогтолцоотой коммунист улс болох Вьетнамыг "Интернэтийн Дайснууд" нэртэй жагсаалтдаа оруулсан байдаг ажээ. Учир нь тус улсын эрх баригчид хэвлэл мэдээллийг хатуу хянадаг байна. Тухайлбал энэ онд Вьетнамын хууль шүүхийн байгууллага блогчид, идэвхтнүүд гэх зэрэг 46 хүнийг улсын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган ял оноожээ.

РАЛЬДИЙ.А
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш