logo
Засгийн газрын гишүүд эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ

Засгийн газрын гишүүд эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ

2013/08/09

Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулагддаг “Ерөнхий сайдын 30 минут” ярилцлага өчигдөр боллоо. Ярилцлагын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар өмнөх өдөр нь уулзаж, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшны өсөлтийн талаар ярилцсан. Энэ мөрөөр Засгийн газар болоод Монгол банк хамтран дорвитой арга хэмжээ авахаар болсноо хэллээ. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд бодитой, үнэн зөв мэдээллийг хүргэх нь чухал гэдгийг онцоллоо. Маргааш Уул уурхайн сайд Д.Ганхуяг салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудынхаа талаар мэдээлэл хийнэ. Ирэх 7 хоногт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар “Чингис” бонд, түүний зарцуулалт, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар, Монгол банк авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллээ хийх юм.

Зарим их дээд сургууль, байгууллагууд төлбөр, тооцоог ам.доллароор хийх шаардлагыг тавьж байгаа нь иргэдэд хүнд байна гэсэн санал, шүүмжлэл ирэх болсон. Харин Ерөнхий сайд дотооддоо төлбөр, тооцоог төгрөгөөр хийж, ам.долларын зохиомол хэрэглээ үүсгэхгүй байх хэрэгтэйгхэллээ. Мөн экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэлээ.

Сэтгүүлчид орон сууцны найман хувийн хүүтэй зээл, “Чингис” бонд, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, уул уурхай, ойн нөхөн сэргээлт, Оюу толгой, өвлийн бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдаас тодрууллаа. Мөн валютын ханшны өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэд хэдэн асуултыг түүнд хаягласан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш