logo
Удаж, хуучирсан толбыг хэрхэн арилгах вэ?

Удаж, хуучирсан толбыг хэрхэн арилгах вэ?

2011/08/26
Хэрэв хувцас эдлэлийг хими цэвэрлэгээнд өгөөд ч толбо нь арилахгүй байвал гэрийн нөхцөлд оролдоод үзэхийг зөвлөе.

-Юуны өмнө аливаа толбо, тогтоцыг арилгахын тулд хувцас эдлэлийг тоос шорооноос нь сойзоор цэвэрлэ.

-Бүх төрлийн тосон толбыг бензин, ацетон зэрэг уусгагчаар арилгадаг. Худалдаанд төрөл бүрийн шингэнэ найрлага бүхий толбо арилгагч бий. Эдгээр уусгагч, арилгагчтай болгоомжтой харьцахгүй бол галд шатамхай, дэгдэмхий бодис байгааг анхаар.

-Загас, консерв, сүү, соуснаас үүдсэн толбыг шинэ дээр нь, тэр дор нь арилгахыг хичээ. Учир нь ийм толбо арилгахад ярвигтай болно. Шинэхэн үүссэн толбыг бүлээн усанд савандаж угаана.

-Нимгэн торго, торгомсог материал дээр суусан толбо, тогтоцыг усанд хэдэн дусал нашатырын спирт хийж, зүлгэж арилгана. Нашатырын спирт байхгүй тохиолдолд техникийн спирт тохирно.

-Ноосон эдлэлд тогтсон толбыг нашатырын спиртийн уусмалаар арилгана. (аяга усанд 20гр глицерин, 10гр нашатырын спирт) Толбыг арилгасны дараа бүлээн усаар угааж, индүүднэ.

-Зэвийн толбыг нимбэгний шүүсээр арилгана. Нимбэгийг хэд хэдэн удаа усанд базаж, толботой хэсэг дээр тавьж халуун индүүгээр дарна.

-Удаан эдэлгээнээс үүдэн гялайж элэгдсэн толбыг жижиг ширхэгтэй элс эсвэл хоолны давсаар арилгадаг. Эхлээд уг хэсгийг усанд бага зэрэг норгоод, дараа нь давс, элсээ цацаад сойзоор цэвэрлэнэ.

-Удаж хуучирсан толботой эдлэлийг савангийн хүчтэй уусмалтай усанд хэд хэдэн цаг байлгана. Үүн дээр бага зэргийн цэвэр спирт хийнэ. Усанд дэвтээсэн толбыг савангийн уусмалд дэвтээсэн сойзоор цэвэрлэнэ.

-Даавуун материал дээр хөгц үүссэн толбыг саван болон сода хийсэн халуун усанд угаана. Мөн нашатырын спиртээр арчвал арилна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш