"Хадгаламж" банкны хаалгыг барих дөхсөн "Жаст" Батхүүтэй холбоотой бас нэгэн шинэ дуулиан дэгдлээ. Гадаадын нэгэн банкнаас асар их мөнгөний зээл авахдаа "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьсан тухай дуулиан нь намдаж амжаагүй байхад, тэрээр төрийн өмчит Улаанбаатар төмөр замыг бас л барьцаалсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж эхэллээ. “Жаст” групп Өмнөд Африкийн Стандарт банкнаас ихээхэн хэмжээний зээл авахын тулд УБТЗ-аар зээлийн баталгаа гаргуулсан байна. Нэг хэсэгтээ л мандаж, тансаглалаараа гайхуулж асан Ш.Батхүү монголын нэр нөлөө бүхий улстөрчдийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-аар баталгаа гаргуулсан байх боломжтойг хэвлэлийнхэн онцолж байна. УБТЗ хичнээн хэмжээний баталгаа гаргаж өгсөн нь тодорхой болоогүй байгаа аж. Ямартаа ч “Жаст” дампуурлаа зарласан тул ӨАБНУ-ын Стандарт банк баталгаа гаргаж өгсөн УБТЗ-ыг Лондонгийн шүүхэд өгөхөөр болсон байна. ӨАБНУ-ын Стандарт банк нь одоогийн байдлаар Монголын төрийн өмчит УБТЗ-аас 34 сая ам.доллар нэхэмжлэхээр болсон байна. Нэгэнт баталгаа гаргаад өгчихсөн нь тодорхой болохоор УБТЗ тэрхүү өрийг төлөх л болж таарах нь. Арван охин компанитай "Жаст" Батхүүгийн тарьсан балаг монголын санхүүгийн ертөнцийг хөмөрчих шахсанаар дууссангүй. Одоогоор хар дансанд бичигдээд байгаа нь “Эрдэнэт”, УБТЗ хоёр байгаа ч, энэхүү жагсаалт нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй юм.