ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан айчлалынхаа хөтөлбөрт тусгагдснаар гурав дахь шатлалын эмнэлэг болох П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй танилцлаа.
Тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, “Манай эмнэлэг “Үйлчлүүлэгч-төвтэй” эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлэхийн зэрэгцээ дэлхийн анагаах ухааны сүүлийн үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ажиллах зарчмыг баримталдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Монгол улсын эрүүл мэндийн салбарын загвар эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна” хэмээн танилцуулснаар яриагаа эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, ДЭМБ болон Мянганы сорилтын сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр цус харвалтын үеийн тусламж үйлчилгээний төвийг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт байгуулжээ. Энэ төв байгуулагдснаар цус харвалтыг түргэн шуурхай оношлуулах, эрчимтэй эмчилгээ болон нөхөн сэргээх эрчимт эмчилгээг цогцоор нь хийлгэх боломж бүрдсэн гэдгийг тус эмнэлэгийн мэргэжилтнүүд хэлж байв.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан хэлэхдээ, “Энэ төвийг олон улсын хэмжээнд ДЭМБ-тай хамтран ажиллах эмчилгээ, сургалт, судалгаа явуулах бүрэн чадамжтай болжээ гэж харлаа. Тиймээс цаашид хоёрдахь шатлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, өвчтөний гэр бүлд гэрийн нөхцөлд цус харвасан хүнийг яаж асрах аргачлал, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг олон талаар сургалт явуулах хэрэгтэй. Сургалт, судалгааг сайн хийж, түүн дээр суурилсан өвчний оношлогоо, эмчилгээг сайжруулахад цус харвалтын үеийн тусламж үйлчилгээний төв хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгээр зочилсноор ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чаны айлчлалын эхний өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.