БШУ-ы сайд Л.Гантөмөр, тус яамны Бодлогын хэрэгжилтийг хэрэгжүүлэх газрын дарга Д.Эрдэнэчимэг, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тулгамдаж буй асуудлын талаар сэтгүүлчидтэй уулзалт хийв. Уулзалтын үеэр сайд Л.Гантөмөр өнгөрсөн хичээлийн жилд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ танилцууллаа. Мөн төрийн өмчит их, дээд сургуулиуд энэ жил сургалтын төлбөрөө нэмсэн асуудлыг ч энэ үеэр хөндлөө. Энэ жил ШУТИС кредит төлбөрөө 13, ЭМШУИС 16, МУИС 15 хувь нэмж байгаа гэсэн мэдээлэл авч байна. Үүнд хориг тавих эрх надад байхгүй. Сургалтын төлбөрийг хуулиараа тухайн сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл жил бүр тогтоодог. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс тэдэнд албан бичиг явуулж төлбөрөө бууруул гэж шууд оролцох эрхгүй. Гэхдээ албан бусаар буюу сургуулиудын удирдлагуудтай уулзаж төлбөрөө өндөр хувиар нэмэхгүй байх хүсэлт тавьсан. Сургуулиудын төлбөрт хэт оролцож байсан учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас “Яам их дээд сургуулиудын төлбөрийн нөхцөлд оролцох хууль, эрх зүйн үндэс байхгүй” гэж мэдэгдсэн. Сайн сурдаг, амьжиргааны түвшин доогуур төлбөрөө төлөх чадваргүй айлын хүүхдэд төрийн сангийн зээл олгох ажлаа үргэлжлүүлнэ. Мөн МУИС төлбөрөө нэмсэн ч зөрүүлээд сан байгуулж, сайн оюутандаа өөрсдөө тэтгэлэг олгох болно гэж мэдэгдсэн. Тиймээс энэ санаачилга бусад сургуульд ч хэрэгжих ёстой хэмээн БШУ-ы сайд Л.Гантөмөр мэдэгдсэн байна.