logo
Ё.Отгонбаяр сайд Ерөнхийлөгчийн “Элбэг Арт” галерейг судлаж, мушгин гуйвуулж болох өө олохыг албатууддаа даалгасан уу...

Ё.Отгонбаяр сайд Ерөнхийлөгчийн “Элбэг Арт” галерейг судлаж, мушгин гуйвуулж болох өө олохыг албатууддаа даалгасан уу...

2011/08/27
Долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр МАХН-ын байрны шатсан үлдэгдэл дороос их хэмжээний мөнгөтэй сейф олдсон нь цагдаагийнхны гайхашралыг төрүүлсэн төдийгүй уг сэйфэнд зуун долларын дэвсгэртийг зайгүй өрсөн байсан гэх бөгөөд ихэнх нь галд хуйхлагдан ашиглах боломжгүй болсон байсан гэх мэдээлэл нэг хэсэг өвсөнд тавьсан түймэр шиг гарч байснаа намжсан. Харин тэр азгүй долларуудын эзэн нь тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоо бол БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр байсан гэж эх сурвалжууд ярьдаг юм билээ. Хууль хяналтынхан тэрхүү шатсан долларыг данслан протокол хөтөлж, хурааж авахдаа эх үүсвэр хаанаас ирсэн, ямар учиртай хадгалагдаж байсныг тогтоохыг хүсээгүй ч гэдэг. Тухайн үед Ё.Отгонбаярыг намынхаа мөнгөнөөс унагасан зоос байсан уу, авилга, хээлийн эх үүсвэртэй юу гэдэг нь ойлгомжгүй хэвээр үлдсэн хэмээн тухайн үед шуугихыг үзүүлж тавьж байлаа. Харин энэ хүн өнөөдөр БСШУ-ы сайд болоод тус салбарт ямар дэвшил гаргасан тухайг хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн үед шүүн хэлэлцэх хүмүүс олширов.
Монгол улсын айл өрхийнхөө тооноос олон шахуу их, дээд сургуулиудыг цэгцлэх талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Орц, хонгил бараг траншейны нүхэнд шахам толгой хорогдох их, дээд сургуулиудад үндсэн багш ч гэж бараг байдаггүй. Хятад чихрийн цаас шиг гоёмсог сурталчилгаагаар хөдөөний голдуу хэдэн хүүхдийг хуурч авчран эцэг, эхийнх нь халаасыг тэмтэрч, сургасан, сурсан зүйлгүй цаг хугацаа элээдэг нь манайдаа уламжлал болчихоод байгаа зүйл. Тэгээд ч төрд суусан томчуул бүгд хувьдаа их, дээд сургууль эзэмшдэг болохоор энэхүү асуудалд гар дүрэх зүрх  Ё.Отгонбаяр сайдад байдаггүй байж болох юм. Гэсэн ч энэ тэндэхийн амбицын өөдөснүүдээр баг бүрдүүлж, боловсон хүчний болхи бодлого барьснаар асуудалд дорвитой бүү хэл бичил өөрчлөлт гараж чадахгүй байна гэж халаглах хүмүүс олон байна. Харин ч бүх оюутнуудад нь сар бүр тэтгэлэг өгөх болоод авлаа. Энэ нь ч ерөнхийлөгчийн угшилтай популизм боловч Ё.Отгонбаяр сайд онцгойлон анхаарал хандуулж буй нь 2012 оны сонгууль дөхсөнтэй холбоотой байж мэдэх юм.
Ё.Отгонбаярыг улс төрд хөтлөн оруулж, загалмай зүүсэн эцэг нь МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч гэж байгаа. МАХН нэрээ эргүүлэн авсан ч шинэ намынхаа нөхөдтэй түнжин тааруу байгаагаа Н.Энхбаярын хувьд Ё.Отгонбаярын толгойлж буй БСШУЯ сүүлчийн ганц түшиц газар нь болж хувираад байгаа гэх. Тиймээс ч эрхэм сайдын өрөөнд боловсролын тогтолцоог шинэчлэх, хөгжүүлэх талаар хийгдэх ажил гэхээсээ илүү мэдлээ алдсан, эрх мэдэлд шунасан явуургүй этгээдүүдийн оффис болчихсон тухай үзсэн, харсан, мэдсэн хүмүүс ярьдаг юм билээ.
Түүний талаар дуулдсан бас нэг таагүй мэдээ бол салбарынхаа зарим хүмүүст Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Элбэг Арт” галерейн сан хөмрөгт байдаг зургуудын тухай судлах даалгавар өгсөн гэнэ. Урлагийн талаас нь судлах бус, хэдэн төгрөгөөр авсан, гадаадын хүнд зарсан уу, үгүй юу, мушгиж гуйвуулж болох юу байна олж тогтоо, хэрэв олигтой баримт олдохгүй бол хэнд ч хэрэггүй хог гэсэн ойлголт төрүүлэх ажил хий гэсэн гэх шуум тарж эхлэв. Үнэн худал нь цаг хугацаагаар шүүгдэх биз. Хэрэв үнэн мөн нь батлагдвал юуны учир урлагийн бүтээлийг эзэмшигчтэй нь судлуулж гутаах ажил хийж, улс төрийн тоглоомны золиос болгох гээд буйгаа эрхэм сайд нэг өдөр тайлбарлаж өгөх байх. 

Ш.Орхон
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш