Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн С.Ичинхорлоо ахлагчтай төлөөлөгчдийн хамт Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэргэнд сууж, намрын тэргүүн сарын шинийн гуравны өдөр ӨМӨЗО-ыг зорин аялсан билээ. Үдшийн 20 цагт хөдөлсөн галт тэрэг маань өглөө эрт Замын-Үүд өртөөнд хүрч, улсын хил давах үед монгол цэргүүд ёслон зогссоор ард хоцорсон юм. Хил гаалийн шалгалт өнгөрсний дараа, галт тэрэг дугуй солих хоёр цагийн хугацаанд хятадын хилийн боомт хоттой танилцахаар явав. Олон жилийн өмнө ирж байсантай харьцуулахад Эрээн эрс өөрчлөгджээ. Ногоон ургамал, мод, зүлэг, цэцэг ихтэй болсноос гадна олон давхар шинэ барилгууд, алдартай брэндийн дэлгүүрүүд, том зочид буудлууд, өргөн засмал зам нүднээ тусч, төв талбайн хажууханд байрлах Юрийн галавын бяцхан цэцэрлэгт хүрээлэнд динозаврууд зогсох нь сүрлэг харагдана. Цаг давчуу байснаас жинхэнэ динозаврын музейд нь очиж амжсангүй. Ийнхүү галт тэрэгнээсээ хоцрохгүйг хичээн яаравчилсаар вокзал дээр ирж билетээ шалгуулан ороод Хөх хотын зүгт аян замаа үргэлжлүүллээ.
Тоосгон байшинд сууж, мотоциклоор хонио хариулах малчид
Галт тэрэгний цонхоор харагдах өвөрмонголчуудын амьдрал нэгэн хэвийн. Замын туршид нэг боловч монгол гэр олж харахыг хичээсэн минь талаар болов. Үүний оронд хятад маягийн шавар байшингийн хөгжлийн үе шатуудыг нэг бүрчлэн харах боломж л олдсон билээ. Манай монголчууд байшин барихаараа бүтэн дээвэр, бүтэн ханатайг барьж, өргөн уужим зайд амьдрахыг чухалчилдаг бол, хятадууд тал хана, тал дээвэртэй байшинд буюу нэг бүтэн байшинг хоёр хуваасантай тэнцэх зайд амьдардаг дүр зураг харагдлаа. Олонхи гэр бүл хуарангийн маягаар нэг дор шамбааралдуулан барьсан хагас байшинд амьдардаг бол, зарим нь бүтэн байшинд, зарим нь тусдаа газартай байшинд амьдарч, зарим хэсэг нь олон давхар орон сууцанд нүүн орж эхэлжээ. Бор саарал тоосгон байшингуудаас бүрдсэн суурин газруудын орчимд болон төмөр зам дагуу гялгар уут хийсч, суурин бүрийн дэргэд шахам хогон овоолго харагдах нь хог хаягдлын асуудал энд ч бас байдгийг илтгэнэ.
Хөх хот орох замын туршид гарын арван хуруунд багтахуйц тооны малчин харагдав. Тэдний хариулж яваа хонь цөөн тоотойн дээр, малчдын дийлэнхи нь мотоциклоор хонио хариулж байв. Морио унаад хонио хариулж яваа нэг ч хүнийг олж харсангүй. Харин дугуйтай, эсвэл явганаар хонь хариулж яваа хүн ганц нэг таарах нь мотоциклтой малчныг бодвол арай нүдэнд дулаан аж. Малчид бүгд бор саарал тоосгон байшинд амьдарч байгаа нь ажиглагдлаа. Малчдад бэлчээрийг нь хувьчилж өгсний дараа нүүдэллэх шаардлагагүй болсон өвөрмонгол малчид хятад маягийн байшинд төвхнөж, тэдний зарим нь нутгаа зарж, газар нь тариалангийн талбай болон хувирсан гэж дуулдсан дам яриа үнэний хувьтай аж.
Сул газар нэгийг ч үлдээхгүй тариа ногоо, эрдэнэ шиш ээлжлэн тарьсан нь нүд эрээлжлэм харагдана. Түүнчлэн нэг ам метр талбай тутамд нэг мод оногджээ гэмээр шигүү тарьсан ногоон модод замын хажуугаар жирийтэл ургасан байх нь ирээдүйн ширэнгэ ойн эхлэл бололтой. Өвөрмонголын зах хязгаар нутагт монголтой минь адил зүйл харагдах боломжгүй ажээ.
Амьд мэт динозавртай Хөх хотын музей
Удалгүй өндөр барилгууд сүндэрлэж, гэрэл гэгээ нь гялбасан нэгэн их хотод орж ирсэн нь ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот байлаа. Биднийг ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаныхан болон ӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчид найрсгаар угтан авч, аяллын туршид дагалдан явж, тус оронтой танилцах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн билээ.
Хуучин, шинэ уран барилгыг хослуулсан, монгол үндэсний маягийн гэж болохоор хээ хуар, хөшөө дурсгал бүхий байшин барилга, гудамж талбай, Их Монгол улсын үеийн болов уу гэж харагдахаар элементтэй барилгууд, ландшафтын уран хийц бүхий цэцэрлэгт хүрээлэн, гоёмсог гудамжууд нь Хөх хотын өнгө үзэмжийг улам тодотгосон харагдана.
Тус хотод бидний үзэж сонирхсон хамгийн том үзмэр бол ӨМӨЗО-ны Үндэсний музей байлаа. Нийт 15 их танхимаас бүрдэх, 4-5 давхар барилгатай, 2007 онд байгуулагдсан уг музейн тодорхой хэдхэн танхимыг үзэхийн тулд бид бараг хагас өдрийг зарцуулсан юм. Музейг үзэх хэн боловч үнэ төлбөргүй үйлчлүүлэх бөгөөд орох хаалган дээр цүнхээ шалгуулан, шингэн зүйл болох цай, усаа хураалган орж, музей дотор байрлах кафе, дэлгүүрт үйлчлүүлэх ёстой аж. Бид хамгийн түрүүнд динозаврын танхимыг үзэв. Манай Батаараас том динозаврын яс, түүнийг амьд мэт хийж тавьсан олон үзмэрийг үзэж, динозаврын гэнэт хүрхрэх чимээг сонсож, амаа ангалзуулан хөдлөхийг нь харж цочин, галав юүлэхийг нүдээр үзэх нь сэтгэгдэл төрүүлэхүйц бөгөөд энэ танхим хамгийн олон үзэгчтэй байгааг гайхах зүйлгүй аж. Манайх ч бас ийм музей байгуулах гээд, талбай дахь түр музейгээр эхэлж байгаа юм байна хэмээн бид өөр зуураа ярилцсаар дараагийн танхимд орсон юм.
Монголын түүхийн танхим хамгийн дэлгэрэнгүй агаад гайхамшигтай үзмэрээр дүүрэн байлаа. Залуухан тайлбарлагч Бөхчулуун музейн үзмэрүүдийг гайхалтай сайн тайлбарлаж, сонирхсон асуулт бүрт маань хариулт өгч, түүх, угсаатны зүй, соёл, байгаль орчны өргөн мэдлэгтэй болохоо харуулсан билээ. Шанью-гийн алтан титэмээс эхлээд түүх соёлын асар үнэтэй олдворуудыг уг музейд харснаа энд тоочиж баршгүй. Иймд энэ чиглэлээр дагнан ажилладаг музейн мэргэжилтнүүд ӨМӨЗО-ны Үндэсний музейг нүдээр очиж үзвэл зохилтой санагдсан.
Музей үзэж явахад, амьтны чихмэл төдийгүй эртний хүнийг лаагаар дүрслэн хийсэн бүтээлүүд нь амьд мэт, яг одоо ярьж, үйл үйлдэл хийж байна уу гэмээр харцны илэрхийлэлтэй, гайхалтай уран бүтээгдсэн нь биширмээр. Монгол ёс заншил, монголчуудын эдэлж хэрэглэдэг эд эдлэл, угсаатны зүйн хувцас хэрэглэл, нүүдлийн мал аж ахуйн уламжлалыг музейн “үзмэр”-ээр маш сайн харуулсан байв. Музейн зохион байгуулалт, танхим бүрийн танилцуулга, электрон самбар, дизайн чимэглэл, үзмэрийн сонголт, байршуулалт нь мэргэжлийн өндөр түвшинд төлөвлөгдөн хийгдсэн нь илт байлаа. Сансар эзэмшсэн түүхийн танхим, ашигт малтмал, уул уурхайн танхимыг үзээд бидний музейд хийх аялал өндөрлөсөн юм.
Робот шиг үнээнүүдтэй ферм
Бидний дараагийн аялал Mengniu Dairy /Мэнню/ хэмээх сүүний үйлдвэрт үргэлжиллээ. Монгол үнээний сүү хэмээн бүтээгдэхүүнээ сурталчилдаг тус үйлдвэр 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 72 салбартай томоохон сүлжээ үйлдвэрийн нэг аж. Бидний очсон Хөх хот дахь салбар нь машинаар ачиж ирсэн 120-130 тонн сүү хадгалах агуулах савтай, бүтээгдэхүүний 24 автомат шугамтай, 3 ээлжээр ажилладаг үйлдвэр байх агаад сүү хүлээж, авах, хадгалах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах бүхий л шугам нь бүрэн автомат, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон аж. Тийм ч учраас тэр том үйлдвэрт маш цөөхөн хүн ажиллаж байгаа харагдсан. Нэг цагт 20 мянган уут сүү үйлдвэрлэж, нэг минутанд 14 хайрцаг сүү савладаг тус үйлдвэр үүсэн байгуулагдсан цагаасаа хойшхи бүхий л түүхээ музейн үзмэр болгон тавьж, үйлдвэрийн дамжлага, үйл ажиллагаагаа хэрэглэгчдэдээ нэгд нэгэнгүй үзүүлж тайлбарладаг тойрон аяллыг байнга зохион байгуулдаг аж. Аялалын баг тус бүрт хөтөч тайлбарлагч ажиллах агаад, аялалд хамрагдсан хүн бүр резинэн чангалагчтай даавуун уутан шаахайг гутлынхаа гадуур өмсөж, ариун цэвэр сахина. Ийнхүү үйлдвэртэй бүрэн танилцсаны дараа сувенир ба бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрээс бараа худалдаж аваад аялал нь өндөрлөдөг байна.
Биднийг үйлдвэртэй танилцаж явахад маш олон хүн танилцах аялалд хамрагдаж байгаа харагдсан. Тус үйлдвэрийн тухайд технологийн бүхий л шат дамжлагын явцад чанар, стандартын шаардлагад онцгой анхааран, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажилладаг хэмээн хөтөч нь бидэнд уйгагүй тайлбарлаж байв. Үйлдвэрийн гайхалтай үзүүлэлтүүдтэй танилцсаны эцэст бидний асуусан эхний асуулт нь “Үнээнүүд чинь хаана байдаг юм, нүдээр очиж үзье” гэсэн хүсэлт байлаа. Бидний хүсэлтийн дагуу нилээд хэдэн бээрийн цаана, хотын гадна байрлах 10 мянган үнээний ферм дээр очив. Бурхан минь, үнэр танар бол үнэхээр хэцүү байлаа. Том хашаа бүхий байран дотор бэлэн өвсөн тэжээлээр тэжээгдээд, даралттай усаар хөх дэлэнгээ угаалгаж, тогтсон цагт сүүгээ саалгаад, тогтмол орон зай дотор робот шиг хөдлөн ажлаа гүйцэтгэх хар тарлан үнээнүүдийг шилэн халхавч бүхий орчноос ажиглаж, монгол хүний нүдээр харахад өрөвдөлтэй санагдсан. Нэг үнээг өдөрт 3-4 удаа сааж, нэг удаад 40-50 литр сүү саадаг бөгөөд үнээг зохиомлоор хээлтүүлж үр төлийг нь авдаг байна. Ийнхүү сүүгээ өгдөг хорь хүрэхгүй жилийн хугацаанд нь үнээний ашиг шимийг аваад, дараа нь нядалгаанд шилжүүлдэг бөгөөд ялгадасыг нь био эрчим хүч гарган авч ашигладаг хэмээн тэд ярьж байсан. Эрчимжсэн мал аж ахуйн ирээдүйн дүр төрх ийм ажээ.
Жич: Бидний аялал Бугат, Ордос хотуудад үргэлжилсэн бөгөөд монголын түүх соёлоор амьсгалж, барилга, архитектур, хот төлөвлөлтдөө соёлын элементүүдийг нэгд нэгэнгүй шингээсэн хотуудын тухай нийтлэлээрээ уншигч тантай эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.
Ц.ОЮУНЧИМЭГ