logo
Монгол улс TEIN сүлжээнд холбогдоно

Монгол улс TEIN сүлжээнд холбогдоно

2013/08/30
БШУЯ -ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Лувсанжамц болон Боловсрол, шинжлэх ухааны байгууллагад Интернетийн үйлчилгээ үзүүлэгч "Эрдэмнэт" сүлжээний төвийн захирал профессор А.Эрдэнэбаатар нар наймдугаар сарын 19-23 -д Солонгосын Теджон хотод болсон Ази, номхон далайн орнуудын 36 дахь удаагийн сүлжээний технологийн хурал/APAN-36/-д оролцлоо.Уг хуралд А.Эрдэнэбаатар "Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагын "Эрдэмнэт" сүлжээний өнөөгийн байдал, сүлжээг TEIN сүлжээнд холбох асуудал" сэдвээр илтгэл тавьсан байна. Хурлын үеэр Монгол улсыг TEIN сүлжээнд холбох асуудлыг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргалаа.
 
TEIN сүлжээ нь Солонгос, Япон, Австрали, Хятад, Сингапур, Малайз зэрэг Ази, номхон далайн 19 орны боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын төрөлжсөн сүлжээнүүдийг нэгтгэсэн олон улсын сүлжээ юм. Мөн Ази, номхон далайн орнуудыг хамраад зогсохгүй хойд Америкийн Internet2, Европын GEANT, төв Азийн CAREN, өмнөд Америкийн CLARA зэрэг бүс нутгуудын ижил зорилготой сүлжээнүүдтэй шууд холбогддог юм. Одоогоор эдгээр сүлжээнд дэлхийн 120 гаруй орон хамрагдаад байгаа бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлж байна.

Манай улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагын "Эрдэмнэт" сүлжээ нь TEIN сүлжээнд холбогдсоноор ердийн хэрэглээний интернетээс өндөр хурдны шууд холболттой болох бөгөөд TEIN4 төслийн дагуу холболтын зардлын 80 хувийг Европын холбооноос санхүүжүүлэх юм. Монгол улс олон улсын сүлжээнд холбогдсоноор "Эрдэмнэт" сүлжээний гишүүн боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, судлаачид цахим сургалт, үүлэн тооцоолол, гамшгийн мониторинг, зайн оношлогоо, эмчилгээ зэрэг тооцооллын өндөр хурд шаарддаг олон салбарт дэлхийн хэмжээнд хамтран ажиллах өргөн боломж нээгдэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш