logo
П.ЦАГААН: Завин дээр хамт суучихаад далбилзуулаад баймааргүйсэн

П.ЦАГААН: Завин дээр хамт суучихаад далбилзуулаад баймааргүйсэн

2013/08/30

Оюутолгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлдөг гурван монгол хүнийг солих гэнэ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.

Ил уурхай төслийн хүчин чадалдаа хүрлээ. Үүнийг удахгүй дэлхий нийтэд албан ёсоор зарлана
 
-Таныг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэж дууллаа. Энэ үнэн үү?
 
-Сэтгүүлчид та нар соргог хүмүүс шүү. Би одоогоор өргөдлөө өгөөгүй байна. Гэхдээ өнөөдөртөө багтаагаад ТУЗ-өөс чөлөөлөгдөх өргөдлөө өгөх бодолтой байна.
 
-Яагаад та энэ ажлаасаа татгалзах болов оо?
 
-Би ТУЗ-д гурван жил ажиллаа. Энэ хугацаанд цагаан цаасан дээр байсан Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил өрнөж, эхний үе шатны бүх зорилт хугацаандаа амжилттай хэрэгжиж дууссан. Баяжуулах үйлдвэрийн аварга том дамрууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ноос хойш тасралтгүй эргэлдэж байна. Оюутолгойн зэс-алтны ордын баяжмалын экспорт энэ оны долдугаар сард эхэлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу өнөөдөр Ил уурхай төслийн хүчин чадалдаа хүрч, хоногт 100-гаад мянган тонн хүдэр олборлож эхэллээ. Үүнийг удахгүй дэлхий нийтэд албан ёсоор зарлана. Сайн мэдээ байгаа биз дээ. Өнгөрсөн хугацаанд далд уурхайн барилга байгууламжийн ажил ч хийгдэж эхэлсэн. Товчдоо, үүргээ биелүүлсэн.
ТУЗ-ийн гишүүн болсноос хойш миний ажил төрөл ч өөрчлөгдсөн. Тамгын газрын дарга болсон болохоор Ерөнхийлөгчийн төлөөлөл мэтээр буруу ойлгогдох явдал ч мэр сэр гарах юм. Ер нь, төслийн дараагийн үе шат эхэлж байгаа учраас шинэ хүн эхнээс нь хариуцаад явах нь ч зөв.
 
-Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнийхээ үүргийг та хэр сайн биелүүлсэн гэж үздэг вэ?
 
- ТУЗ-ийн гишүүд Хувь нийлүүлэгчдийн байгуулсан гэрээнүүд, Компанийн Дүрмийн хүрээнд ажилладаг бөгөөд үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлсэн гэж бодож байгаа. Бидний түүхэн зорилго  бол Оюутолгойн эхний ээлжийг ашиглалтад оруулах ажил байсан. Үүнийг ашиглалтад оруулсан. Барилга байгууламжийг хугацаанаас нь хагас жилийн өмнө дуусгасан боловч гаднын хүчин зүйлээс хамаарч олборлох үйл ажиллагаа нэлээд хойшилсон тал бий. Гэхдээ л яг цагтаа эхэлсэн. Юутай ч, Монголын маань эдийн засаг нэг шинэ хөлтэй, тулгууртай болоход хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Оюутолгой бол энэ зууны хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм.
 
Төслийг хэрэгжүүлэх явцад, хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголд ашигтай өөрчлөлт оруулахад, ялангуяа манай талын төлөх зээлийн жилийн хүүг таван хувиар бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэндээ баяртай явдаг. Зээлийн хүү ингэж таван хувиар буурахад Монголын зээлийн дарамтын хэмжээ 1,5 тэрбум ам. доллараар багассан гээд бод доо. Чингис бондын дүнтэй тэнцэж байгаа биз дээ. Ирээдүйн зарлагаа тийм хэмжээгээр багасгалаа гэсэн үг шүү дээ.
 
Үүнээс гадна бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаанд Монголын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар цуцалтгүй тэмцсэний үр дүн гарч, тусгай бодлогын баримт бичиг батлагдсан. Хэрэгжүүлж эхэлж байгаа. Одоо эхний ээлжинд үндэсний компаниуд, дараа нь хамтарсан, тэгээд олдохгүй бол гадаадын компанид өгдөг болно. Өмнөговийн компаниудад нэмээд үнийн урамшуулал ч олгож байгаа. Энэ нь татварын үрэлгэн хуваарилалтаас хамаагүй илүү өгөөжтэй зам. Үүний хэрэгжилтийг хангуулахад цаашид ч сайтар анхаарах хэрэгтэй шүү гэдгийг энэ далимд хэлчихье.
 
Зарим үед бухимдах, хатуу хөтүү үг хэлэх явдал байсан ч ТУЗ-ийн гишүүдтэйгээ ойлголцож энэ том төслийн олон олон асуудлыг цагт нь шийдэж ирсэн. Яаж бүх зүйл биднийхээр болох вэ дээ гэж бодох үе ч байсныг нуугаад яахав. Энэ ялдамд, хамтарч ажилласан бүх хүмүүст гүн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
-Та гурвын Оюутолгойн ТУЗ-д очсон томилгоо мэргэжлийн бус хүмүүс гэсэн шүүмжлэлийг араасаа дагуулсан. Үнэхээр заавал мэргэжил шаардахаар тийм хүнд ажил байсан уу?
 
-Хүмүүсийн санал бодол янз бүр л байна шүү дээ. ТУЗ-д ажиллах мэрэгжил гэж байхгүй, харин тэнд ажиллах чадварын тухай асуудал бол бий. Би өмнө нь төр, засгийн янз бүрийн ажил албыг хашихын зэрэгцээ Орос-Монголын хамтарсан үйлдвэрүүд болох Эрдэнэт, Монросцветмет нэгдлийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байсан. Товчдоо миний хийж байсан ажил төрлийн мэдлэг, туршлага зэргийг харгалзаж Оюутолгойн ТУЗ-д оруулсан байх.
 
-Ээрэм талд боссон тэр том үйлдвэрийг ийм богино хугацаанд бариулахад элдэв бэрхшээл зөндөө л байсан байх даа. Бид чинь тэр үед Оюутолгойтой хамт ярьж эхэлсэн Тавантолгой, тавдугаар цахилгаан станцаа одоо ч ярьсаар л, мунгинсаар л сууж байгаа шүү дээ?
 
-Юуны урьд энэ төслийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахыг чухалчилж ирснийг онцолж хэлмээр байна. Мэдээж хэрэг үүний хажуугаар манайхны есөн шидийн хүнд суртал, зөвшөөрөл, хийрхэл, бас төсөл хэрэгжүүлэхэд оролцож байгаа зарим гадаадыхны ойворгон зан, бусдын дарамт шахалт гээд олон сорилт бэрхшээл тулгарч байсан боловч тэдгээрийг даван туулж, төслийн эхний ээлжийг хугацаанд нь бариулж дуусгаж чадсан. Энэ бол хамтын амжилт. Энэ дашрамд хэлэхэд, ТУЗ-ийн хурлын бүх протокол үг үсэг, авиагаар бичигдэж үлддэг. Тийм болохоор хожим Оюутолгойн  түүхийг бичих хүмүүс хурлын протоколыг уншаад их сонирхолтой зүйлийг ил болгох байх л даа.
 
 
Санхүүжилтийг зогсоох шийдвэрийг Рио Тинто компани Лондонд гаргачихаад түүнийгээ Торкуйс Хил, Оюутолгой компанид тулгасан
 
-Оюутолгойн төсөл таг зогсчихсон юм шиг ойлголт гадуур тарах боллоо. Бодит байдал ямар байгаа бол. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Оюутолгой зогсоогүй. Ажиллаж байгаа. Оюутолгойн ил уурхай төслийн хүчин чадлаараа ажиллаж эхэлж байгааг дээр хэлсэн. Энэ ил уурхай Оюутолгойн ордын нөөцийн 20 орчим хувийг олборлоно. Нөөцийн 80 хувь нь газрын гүнд, ойролцоогоор 1300 метрийн дор байгаа. Түүнийг далд уурхай буюу төслийн хоёрдугаар шат гээд байгаа юм. Таван метрийн диаметртэй Улаанбаатараас Монгол Улсын хойд хил хүрэх хэмжээний урт хонгил баригдаж газар дор блоклон нураах аргаар олборлолт явуулна. Хүдрээ том лифтээр дээш зөөнө. Газар дор олон машин техник, олон хүн ажиллана. Газар дор 30-40 хэмийн дулаан байгаа. Тэнд үйл ажиллагаа хэвийн явуулахын тулд агааржуулалт, аюулгүйн болон техникийн нарийн горим, менежментийн ажил ихтэй. Далд уурхайг барьж байгуулах ажил олон жил үргэлжилнэ. Гүний уурхай ажиллаж эхэлтэл дахиад 3-4 жил шаардагдана. Энэ шатны барилга байгууламжийн ажил явагдаж байсан боловч санхүүжилтийг зогсоох шийдвэрийг Рио Тинто компани Лондонд гаргачихаад түүнийгээ Торкуйс Хил, Оюутолгой компанид тулгасан. Нэгэнт далд уурхайн санхүүжилт зогссон болохоор зарим ажлын байр хаагдана. Харин ил уурхай ажилладгаараа ажиллана.
 
 
 
Ц.Сэдванчиг захирлын захидал бол шалтгаан биш, шалтаг нь
 
-Рио Тинто яагаад тийм шийдвэр гаргасан юм бол. Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн төслийг санхүүжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй юм болов уу, эсвэл Ц.Сэдванчиг захирлын билгээсэн захиа тэгж их нөлөөлсөн үү?
 
-Төслийг санхүүжүүлэх, бас менежмент хийх нь хөрөнгө оруулагч талын хүлээсэн үүрэг. Монгол Улсын өмнө тэд ийм үүрэг хүлээсэн. Үүнийхөө төлөө багагүй мөнгө авч байгаа нь ч үнэн. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авах нь төслийг санхүүжүүлэх нэг л хувилбар. Давуу эрхийн хувьцаагаар санхүүжүүлэх төлөвлөгөө нь тасарсантай ч холбоотой биз. Төслийг зөвхөн зээлээр санхүүжүүлнэ гэж Хөрөнгө оруулалтын гэрээнд заагаагүй. Бас үгүйсгээгүй гэж хэлж болно. Рио Тинто төслийн санхүүжилт босгож байгаа нөхцөл дотор Монголын тал яагаад ч хүлээж авахын аргагүй, Хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдсөн зүйл ч байгаа. Олон өнцөгтэй, булан тохойтой зураг зурчихаад “Үүнийг заавал дугуй хэлбэртэй байна гэж хар” гэж шахахтай агаар нэгэн нөхцөл тулгаад байгаа нь нууц биш. Түүнийг нь хүлээж авахгүй болохоор Монгол гэж ийм муухай улс байдаг гэсэн утгатай хар Пи Ар-т гар татахгүй байхыг нь бодоход Рио Тинто давхар тоглолт хийж байгаа бололтой байна. За за, энэ сэдвийг цааш гүнзгийрүүлмээргүй байна. Тийм учраас бид арга буюу адилхан л тоглолт хийх хэрэгтэй болж байна. Ц.Сэдванчиг захирлын захидал бол шалтгаан биш, шалтаг нь.
 
-Тэд тэгээд юу бодоод байгаа юм бол?
 
-Өөрсдөөс нь асуух хэрэгтэй байх. Асуусан ч хариулахгүй л болов уу. Рио Тинто Оюутолгойгоос, тодруулж хэлбэл, гүний уурхайгаас хүртэх ашгаа нэмэгдүүлэхийн тулд хоёр талд шатар тоглож байгаа нь нууц биш. Тэдний бодлыг буруутгах аргагүй ч хөлдөө манай улсын нэр хүндийг чирч, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээлцэхэд хувь нэмэр оруулж байгаад нь үнэхээр харамсч байна. Яг үнэндээ бол шүүх дээр өнөөдөр очвол Рио Тинто шууд л ялагдана. Гэхдээ бид заргалдахгүйгээр хэл амаа олоод, хамтраад цаашаа явмаар байгаа юм.
 
Загасанд сайхан явна гээд ярьж тохирчихоод завин дээр гарсныхаа дараа тороо томсгох гээд, аль эсвэл маниусынхаа гарыг алгадаад загас бариулахгүй аашлаад, бас хажуугаар нь бусад завьтай хүмүүст муулаад яваад байгаа нь үнэндээ таалагдахгүй байгаа. Аливаа юм хэмжээнээсээ халих осолтой. Эргэж савдаг явдал ч бий. Бумерангийн хууль. Бумеранг яаж нисдэгийг австраличууд уг нь сайн мэднэ дээ.
 
-Далд уурхайн ажил дахиж хэзээ сэргэх вэ?
 
Сэргэж л таарна. Гэхдээ манайхаас бага шалтгаална. Риод санхүүжүүлэх мөнгө өөрт нь бараг байхгүй. Өмнөх санхүүжилтээ хүртэл буцааж авах гээд байгаа хүмүүс. Оюутолгойн ашгаас хүртэх боломж нь нэмэгдсэн цагт л сэргээхийг бодох байх. Нэг сумаар хоёр, гурван туулай агнах бодолтой үйлдэл хийж байгаа нь нууц биш.
Монголын Засгийн газрын төлөөлөгчид Лондонд очихыг л хүлээж байгаа хүмүүс гэж бодвол эндүүрэл. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг гурван жил хэрэлдэж хэлэлцсэн хүний хувьд түншүүдийнхээ зан, ааш аягийг гадарладаг болчихоод байгаа.
 
 
Рио Тинто Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтээ зогсоосон нь бидэнд ухаарал, бас гарцын талаар бодох боломж ч олгож байгаа юм бил үү
 
-Нэгэнт та ажлаасаа чөлөөлөгдөхөөр шийдчихэж. Хэдэн жил хэрэлдэж, хэлэлцсэнийх бие биенээ сайн ойлгох байх. Энэ дашрамд Риод хандаж хэлэх үг танд байгаа байлгүй дээ?
 
-Хоёр зүйл л хэлье. ТУЗ дээр хэлж байсан миний үгийг уншиж, санаж бай л гэх үү дээ. Хэрэг болно. Нэг том дарга ажлаа өгөхийнхөө өмнө, “Цагаан аа чиний хэлж байсан үг чинь зөв, үнэн байж. Болдогсон бол цагийг ганц хоёр жилээр ухраачихмаар байна” гэж байсан шүү. Хоёр дахь нь, төслийн хоёр дахь шатны ажлаа удаах тусам аль аль тал нь хохирно. Өнөөдөртөө Монгол хохирч байгаа мэт боловч хэтдээ та нар илүү ч хохирч магадгүй шүү.
 
-Цаашид Монголын тал юунд анхаарах ёстой вэ?
 
-Оюутолгойн хоёр дахь үйлдвэр байхгүй юм шиг бодоод өөр хэд хэдэн том төсөлтэй болохын төлөө ажиллацгаая л даа. Рио Тинто Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтээ зогсоосон нь бидэнд ухаарал, бас гарцын талаар бодох боломж ч олгож байгаа юм бил үү. Хэн мэдлээ.
 
-Таныхаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад хэр үр өгөөжтэй, сайн гэрээ вэ?
 
-Сурах бичигт ормоор гэрээ.
 
Сайн, саар аль утгаараа тэр вэ?
 
-Олон утгаар гээд ойлгочих. За, яриагаа өнөдрлөх үү, хоёулаа. Дурсамж бичих цаг гарвал тэр үед дэлгэрэнгүй ярья.
 
-За, та ч салахын түүс болж байх шиг байна. Сүүлчин асуулт. Та цаашид Оюутолгойтой холбоотой ажиллах уу?
 
-Хүссэн ч эс хүссэн ч холбогдох л байх даа. Төслийг зогсоох биш, явуулахын төлөө ямагт байна.
 
-Баярлалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш