Оюутолгой төсөл бараг арван жилийн тэртээгээс яригдаж эхэлсэн. Төсөл хэрэгжээд эхлэнгүүт л хүмүүсийн амьдрал хэдхэн сарын дотор сайжрах юм шиг бүгд л хөөрцөглөсөн. Тэнд ажиллаж байгаа хэдхэн тооны монгол ажилчдыг эс тооцвол бусад хүмүүсийн амьдралд одоогоор мэдрэгдэж байгаа зүйл алга. Ер нь томоохон төсөл богино хугацаанд ажил хэрэг болж хүмүүсийн амьдралд нөлөөлөх нь бага. Урт хугацааны дараа л үр ашгаа өгдөг. Харин жижиг дунд үйлдвэр эрхлэхэд өрхийн амьдрал маргаашаас нь сайжирдаг. Сүүлийн жилүүдэд ганц нэгээрээ, өрхөөрөө зах зээлд үйл ажиллагаа явуулах нь илүү бэрхшээлтэй гэдгийг хөдөөгийн малчид мэдэрдэг хэрнээ амьдрал дээр амь амиа бодож, дов довоо шарлуулна гэдэг аминчхан үзлээсээ салж чадахгүй байна. Уг нь Монгол орон хамтын хөдөлмөрөөр хоршсон “хоршоологчдын 90 жил”-тэй золгож байгаа арвин их туршлагатай орон. Харин жижиг дунд үйлдвэр хөгжөөд хоёр жил болж байна. Тиймээс хамтын хөрөнгө, хөдөлмөрөө хоршсон аж ахуйн хэлбэрээр хамтарч, нэгдэж, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх нь илүү үр дүнтэйг амьдрал баталж байна гэж Жижиг дунд үйлдвэрийн газрын мэрэгжилтнүүд ярьж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 84 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлээр 11532 мянган хүн ажлын байртай болжээ. Өнөөдөр манайд 2446 анхан шатны, арваадхан хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна. Жилд 30 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийж, нийтдээ 59 мянга орчим хүнийг ажлын байраар хангасан гэж “Хоршооллын байгууллагын өнөөгийн зорилт” илтгэлд дурьджээ. Засгийн газраас сумын түвшинд хоршоогоор дамжуулан жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх бодлого барьж байгаа. Тиймээс Засгийн газар энэ онд 330 суманд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 24 тэрбум төгрөг төсөвт суулгасан байна. Гэвч Жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил гараад дөрвөн сар дуусах гэж байхад энэ мөнгийг Сангийн Яам олгоогүй байгаа ажээ. Одоогоор 100 саяаас тэрбум төгрөгийн зээлийн төслийг таван чиглэлд хүссэн судалгааг Жижиг дунд үйлдвэрийн газар гаргасан байна. Үүнээс зайлшгүй дэмжих 272 төсөлд 254 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор хэлсэн.
Ц. Мягмарбаяр
www.shuum.mn
Ц. Мягмарбаяр
www.shuum.mn