logo
Намрын анхны загварын шоу “CASHMERE WORKSHOP-2014” өнөөдөр болно

Намрын анхны загварын шоу “CASHMERE WORKSHOP-2014” өнөөдөр болно

2013/09/04
Монголын урлаг соёлынхон унтаа байдлаасаа салж, шоу тоглолт ар араасаа цуварч эхэллээ. Харин  намрын анхны загварын шоу “Cashmere Workshop-2014” нэрээр зар түгээжээ. Энэ тухай лавлахад, Америкт амьдардаг монгол дизайнерийн загваруудаас бүрдэх гэнэ. Уг загварын шоу нь 9 дүгээр сарын 4-нд 19 цагаас “Blue Sky” цамхагийн нэг давхарт болох юм байна. Энэ удаад өдөр тутмын болон ажил хэрэгч  хослол, богино даашинзны коллеци мөн чөлөөт загварыг түлхүү танилцуулах  ажээ.
Мэдээж дэгжин  бүсгүйчүүддээ зориулж гоёмсог ноолууран даашинзны коллекци гаргасан тухайгаа  дизайнер П.Энхмөнхөө хэлж байсан. “Cashmere Workshop” брэнд өөрийн гэсэн өвөрмөц  шийдэл, хэрэглэгчдэд зориулсан захиалгат үйлчилгээг эрхэмлэдэг. Дизайнер П.Энхмөнхөөгийн хувьд АНУ-д амьдардаг бөгөөд жил бүр  загварын шоугаа Монголын хэрэглэгчиддээ дэлгэдэг уламжлалтай.
“Cashmere Workshop-2014” загварын шоунд Монголын шилдэг загвар өмсөгчдийг сонгон шалгаруулж авсан байна. Мөн арга хэмжээнд поп дива С.Наран, дуучин Б.Амархүү, “Universe best songs-2010” наадмын шилдэг оролцогч Э.Соёмбо нар ая дуугаа өргөх гэнэ.
Дашрамд, “Cashmere Workshop” брэндийн энэ жилийн нүүр царайгаар мисс Т.Ундармаа, модель Т.Батцэцэг нар шалгарсан байна. Тэд өмнө нь ч гэсэн уг брэндтэй хамтран ажиллаж байсан бөгөөд Т.Ундармаа “Cashmere Workshop” брэндийн сурталчилгааны зураг авалтанд ороод Сингапур луу буцжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш