Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Япон Улсын Саппоро хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Сато Томацү болон бусад албан төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Япон Улсын “Саппоро” хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Сато Томацү “Улаанбаатар болон Саппора хотуудын хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийж байгаа бөгөөд тэр дундаа гал түймэртэй тэмцэх, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчдийн ур чадварыг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүчин чадлыг бүрэн ашиглах сургалтыг 11-р сард зохион байгуулах саналтай байна. Мөн Саппоро хотын Галын газар нь “Жайка” ОУ-ын байгууллагатай хамтран, Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх ажилд техникийн туслалцаа үзүүлэх 3 жилийн төслийг хэрэгжүүлэхээр болсон”-ыг онцлон хэллээ. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Япон Улсын Жайка ОУ-ын байгууллагын буцалтгүй тусламжаар гал унтраах иж бүрэн тоног төхөөрөмжтэй галын машинуудыг манай Онцгой байдлын газарт хүлээлгэн өгч байсан. Энэ нь гал түймэртэй тэмцэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа билээ. Харин энэ удаад албан хаагчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байгаад тань нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлье. Энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.