logo
Хакерийн ДАШТ-д Монголын баг амжилттай оролцлоо

Хакерийн ДАШТ-д Монголын баг амжилттай оролцлоо

2013/09/21

Монгол улсын баг тамирчид Олон улсын ёс зүйт хакерийн тэмцээн болох “GlobalCyberlympics” тэмцээний дэлхийн аварга шалгаруулах шатанд амжилттай оролцон Ази тивийн аваргаар шалгарлаа. Тодруулбал, уг багийн нэр “HAWK” буюу харцагууд бөгөөд тэдгээр нь “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд ажээ.

Энэ тэмцээний тухайд товч танилцуулвал олон улсад зүй бус цахим гэмт хэргийг багасгах, түүнд хариу арга хэмжээ авах ёс зүйт хакерийн ур чадварыг дээшлүүлэх, нийгэмд уг чиглэлээр зөв төлөвшил, ойлголт мэдлэгийг бий болгох зорилгоор жил болгон Олон улсын кибер төрлийн гэмт халдлагуудаас хамгаалах байгууллага буюу IMPACT /International Multilateral Partnership against Cyber Threats/, үндсэн зохион байгуулагчаар EC-COUNCIL, технологийн хамтрагчаар CyberNEXS тус тус хамтран зохион байгуулдаг “Globalcyberlympics” буюу “Олон улсын ёс зүйт хакерийн тэмцээн юм байна.

Монгол улсыг төлөөлөн анх 2012 онд тус байгууллагын баг тамирчид оролцсон бөгөөд тухайн үед дэлхийн 200 улс уг тэмцээнд оролцсоноос аваргын төлөө өрсөлдөх багуудыг шалгаруулах шат болох 3-р шатанд Индонези, Шри Ланка, Энэтхэг,Австрали, Орос зэрэг улс орны 6 багтай өрсөлдөн 3000-н оноо авч 10-р байрт шалгарч тус тэмцээнийг өндөрлөж байжээ.
Харин энэ жил манай баг тамирчид өмнөх жил оролцсон туршлага дээрээ үндэслэн дахин оролцож амжилтаа ахиулжээ.

Тэмцээний 1-р үе энэ оны 7 сарын 10 болсон байна. 7 сарын 25-нд тэмцээний 2-р үе болсон бөгөөд Ази тивээс дараахь багууд шалгарсанаас 3-н баг нь Монголынх байсан бөгөөд 2013 оны 4-н сард зохион байгуулагдсан Харуул Занги тэмцээний ялагч n0m@d$, тус тэмцээний сүүлийн шат хүртэл амжилттай оролцсон SESI зэрэг багууд байсан юм.
Тэмцээнд орохын өмнөх, бэлтгэл үе
 
Харин 3-р шат нь энэ оны 08 сарын 08-нд болж Үндэсний Дата Төв-өөс угшилтай “HAWK” багийнхан дээрхи олон улсын баг тамирчдыг ардаа орхиж Ази тивээс 1-р шалгарч дэлхийн аваргын төлөө 2013 оны 09 сарын 19-нд АНУ-ын Жеоржиа мужийн Атланта хотод зохион байгуулагдах аварга шалгаруулах хэсгийн тоглолтонд оролцох эрхийг албан ёсоор авчээ.

Ийнхүү уг тэмцээний финалын тоглолт Монголын цагаар өчигдөр буюу 09 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 24:00-06:00 цагийн хооронд болсон бөгөөд тив тивээс 1-ээр шалгарсан багууд алтан медалийн төлөө, 2-оор шалгарсан багууд мөнгөн медаль, 3-аар шалгарсан багууд хүрэл медалийн төлөө тус тус цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар оюун ухааны хурд, хүчийг сорин өрсөлдсөн байна. Уг тэмцээнд дараахь тив тус бүрээс шалгарсан багууд шагналт байруудын төлөө өрсөлджээ.

Ази тивийг төлөөлөн:
1.Монгол - Hawk
2.БНЭУ - *,* null

Австрали тивийг төлөөлөн:
1.Австрали- Pentest Acts
2.Австрали- AlpacaHackers

Америк тивийг төлөөлөн:
1.АНУ-Deadbeef
2.АНУ- White

Латин Америк тивийг төлөөлөн:
1.Бразил -Proteus
2.Бразил- FSTeam

Европ тивийг төлөөлөн:
1.Недерланд- SectorC
2.Недерланд-Pruts ERS

Дэлхийд Цахим Засаглалын хөгжүүлэлтээр 2-р байрыг 0,9125 индексийн үзүүлэлттэйгээр эзэлдэг Недерланд улсын баг тамирчид эхний шагналт 3-н байр болох алт, мөнгө, хүрэл медалийг урьдаас бэлдсэн нарийн стратеги, бодлоготойгоор оролцон авч, бусад багуудыг шагналт байруудаас мултруулж чадсан байна.

Хэдийгээр Монголын баг тамирчид шагналт байранд шалгараагүй ч уг тэмцээний зохион байгуулагчид манай баг тамирчидыг сайн, хүчтэй өрсөлдөгчидийн нэг нь байж чадсан хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Дашрамд дурдахад төрийн цахим дата мэдээллийг зориулалтын орчинд нь байршуулж, түүн дээр зохих боловсруулалт хийн, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын мэдээллийн аюулгүй байдал хир хангагдаж байгаа, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр Монгол улс нь олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүрсэн гэдгийг уг тэмцээнд оролцсон залуучууд маань эхний оролдлогоороо тодорхойлж чадлаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш