“Гурван охин” хамтлагийн “Дэлхийн ягаан зүрх” гэх өвөрмөц нэртэй клип шинээр мэндэлж үзэгч фенүүдийнхээ нүд, сонорыг мялаах боллоо. Эх орны сэдэвтэй энэхүү дууны клип үнэхээр өнгө тансаг, үзэмж төгс болжээ. Зургийг Улаан цутгалангийн хүрхэрээд авсан бөгөөд секси төрхтэй бүсгүйчүүд маань стил имиджээ солихыг хүсээгүй бололтой. Тухайн дууныхаа онцлог, клипний зохиол зэргийг харгалзаж стил имиджээ зохицуулдаг тэд энэ удаа үндэсний хувцас өмссөн бол бүр л гойд байх байсан боловуу. Гэхдээ л үзэсгэлэнт гурван бүсгүйн ая зан цогцолж хүмүүн байгалийн холбоо уялдсан гэлтэй. 21 аймгаар тойрч тоглолт хийж явсан тэдэнд хөдөөгийн амьдрал тийм бэрхшээлтэй байгаагүй гэнэ. “Хөдөөгийн амьдралыг бид мэднээ” гэх тэд байгалийн сайхныг биширч явсаар нилээд борлосон аж. Уул ус, байгалаа шүтсэн тэдэнд тэр зэргийн юмыг анхаарах сэхээ байгаагүй гэдэг. “Гурван охин”-ыг Улаан цутгалангийн хүрхэрээ дээр ирэхэд жуулчид их байсан бөгөөд тэд хамтдаа зургаа авахуулж, клипний зураг авалтыг сонирхож үнэгүй тоглолт үзсэн “азтай” жуулчид болсон байна. “Гурван охин” хамтлагийн хувийн амьдралд онц өөрчлөлт гараагүй бөгөөд найз залуугийн хүрээнээс хальж, амьдрал зохиох талаар бодолгүй байгаа аж. Тэд “цаг нь ирэхээр бүх зүйл болдогоороо л болох байлгүй” хэмээн хэнэггүйхэн ярьж явна. Ийхүү эрч хүч дүүрэн байгаа тэдний хувьд “Киви” хамтлаг тарсан нь бас нэгэн боломж юм шиг. Гэвч “Гурван охин” хамтлаг үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. “Бид урьдынхаараа л уран бүтээлээ хийгээд явна. Чанарын ялгаа гарахгүй байх” хэмээлээ. Тэд уран бүтээлээс гадна бизнес хийх бодол тээдэг боловч одоогоор хамтлагийн ажилдаа анхаараад, бизнес эхлэх боломж хараахан бүрдээгүй байгаа гэх юм билээ. Залуу нас, эрч хүчээрээ бахархдаг ялдам охид тайзан дээр гараад дуулж, бүжиглэх үедээ хамгийн сайхан мэдрэмжийг мэдэрдэг гэнэ.
Д.Сэндэр