УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлоеир тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Энэхүү төлөөлөгчид нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө өгөх чиглэлээр манай улсын Засгийн газартай хамтран ажилладаг ажлын хэсэг бөгөөд МАН-ын бүлгийн даргатай уулзах хүсэлт тавьжээ. Уулзалтын үеэр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өнөөгийн нөхцөл байдал, санхүү, төсөв, төсвийн орлого, Засгийн газрын зардалтай холбоотой асуудлаар бүлгийн байр суурийг танилцуулав. Ялангуяа одоо үүсээд байгаа нөхцөл байдал, ойрын болон дунд, хэтийн хугацааны төсөв, санхүүгийн үзүүлэлтүүдэд үзүүлж болох сөрөг үр дагавар, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч болох арга хэмжээний талаар ярилцаж санал солилцлоо.