Барилга, хот байгуулалтын яамнаас уламжлал болгон зохион байгуулж буй Хот байгуулалтын форум энэ жил "Төлөвлөлт ба хөгжил" сэдвийн дор 2013.09.27 -ний өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдана.
Энэ жилийн форумд АНУ, Япон, Солонгос, Франц, Финланд болон Монголын мэргэжил нэгтнүүд цуглаж, монгол улсын хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлууд, төлөвлөлтийг хэрхэн хийх, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр анхаарах асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн салбар хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 21 аймгийн Засаг дарга нартай тухайн хот бүрийн төлөвлөлтийн асуудлаар ярилцах юм.
Хот байгуулалтын дэлхийн форумын тухайд 2002 онд Кени улсын Найроби хотод НҮБ-ХАБИТАТ байгууллагын ивээл дор анх зохион байгуулж байсан байна. Уг форум 2 жилд нэг удаа зохиогддог бөгөөд ээлжит 6-р цуглааныг 2012 оны 9-р сард Итали улсын Наполи хотод хуралдуулжээ.
Форум салбарын мэргэжилтнүүд өөрсдийн ололт амжилт, туршлагаа солилцох, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд хамтарч ажиллах, санал бодлоо хуваалцахад чиглэдэг.
Харин манай улсын тухайд Хот байгуулалтын анхдугаар форумыг 2012 оны 5 сарын 24- ний өдөр зохион байгуулсан бөгөөд жил болгон зохион байгуулахаар тогтсон байна.
Дэлхийн форумын жишгээр улс орнууд өөрсдийн хот байгуулалтын чуулга уулзалтыг хуралдуулах болсны дагуу манай улс НҮБ-ХАБИТАТ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын болон бусад олон нийтийн байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагатай хамтран “Хот байгуулалтын форум””- ыг зохион байгуулах гэсэн зорилтот арга хэмжээ тусгагдаад байгаа болно.
Форумд Засгийн газар хот байгуулалтын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын зураг төслийн байгууллагууд болон судлаачид, олон улсын донор, хандивлагч орнууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аймаг нийслэлийн Засаг дарга, аймгийн Ерөнхий архитекторууд оролцоно.