logo
Валютын ханш чангарсан нь манай эдийн засагт эерэг нөлөөтэй

Валютын ханш чангарсан нь манай эдийн засагт эерэг нөлөөтэй

2013/09/26
МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч, профессор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Төлбөрийн тэнцлийн өнөөгийн төлөв, хямрал уу, боломж уу хэмээх хэлэлцvvлэг боллоо. Төлбөрийн тэнцлийн талаар товч ойлголт өгнө үү?
-Төлбөрийн тэнцлийг нэгэн төрлийн данс гэж ойлгож болно. Урсгал тооцоо, хөрөнгийн тооцоо гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Урсгал тооцоогоор манай улс гадагшаа хэдий хэрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулав. Нөгөө талаас хэдий хэрийн зүйл худалдаж авч байна. Мөн гадаадын хүний хөдөлмөрийг худалдаж авч байна гэдэг урсгалыг бүртгэдэг.

Харин хөрөнгийн тооцоо гэдэг нь манайхан гадны хөрөнгийг хэдий хэр худалдаж авч байна. Гадныхан манайхаас хэр хөрөнгө худалдаж авсныг буюу гадаадын хөрөнгө оруулалтыг бүртгэдэг. Энэ хоёр баланслагдаж байвал манай орлого, зарлага баланслагдаж байна гэсэн үг.

-Гадаад валютын ханш чангарч байна. Энэ юутай холбоотой вэ?

-Манай урсгал тооцооны алдагдал сүүлийн үед их өндөр гарч ирээд байгаа шүү дээ. Энэ нь юу гэхээр гадагш нь борлуулж байгаагаас арай илүүг хэрэглэж байна гэсэн үг. Эдийн засагт байдаг л үзэгдэл юм.

-Төлбөрийн тэнцэл нэлээд алдагдал хүлээж байгаа. Энэ нь Монголын эдийн засагт ямар эсрэг болон эерэг зүйлийг авчирч байна вэ?

-Урсгал тэнцлийн хувьд алдагдал хүлээж байгаатай холбоотойгоор валютын ханшин дээр өөрчлөлт гарч байна. Гэхдээ ханшийн энэ өөрчлөлт нь импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэгч, импортын бүтээгдэхүүн авч түүхий ад болгон ашигладаг үйлдвэрлэгчдэд дарамт үзүүлж байгаа. Энэ талыг нь харахаар сөрөг нөлөө харагдаад байна л даа. Нөгөө талаас эерэг нөлөөг бас авчирч байгаа. Гадаадад бүтээгдэхүүнээ экспортолдог дотоодын үйлдвэрлэгч нарын барааг гадаадад хямдхан болгосноор үнээр өрсөлдөх чадвар сайжирч байгаа хэрэг юм.

Тухайлбал, ноос, ноолуур, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг хүмүүсийн хувьд давуу тал авчирч байна гэсэн үг. Учир нь дотооддоо үнэтэй байгаа ч гэсэн гадны валют руу шилжүүлэхээр очоод борлуулах үнэ нь хамаагүй хямд болчихож байгаа юм. Тэгэхээр гадаадын хэрэглэгчдийн хувьд манай бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүнийг бодвол арай хямдарчихна. Үүгээр бол үйлдвэрлэгч, экспортлогч монголчуудын хувьд сайн нөлөө авчирч байна гэсэн үг. Улмаар импортыг бууруулж экспортыг сайжруулна.

Манай эдийн засгийн байдал тааруухан дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа өнөөгийн нөхцөлд боломж гэж харж байна. Яагаад гэвэл төлбөрийн тэнцэтгэлийн энэхүү өөрчлөлт нь цэвэр экспортыг өсгөдөг.

-Ийм үед төр ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Урт хугацааны бодит ханшны өсөх хандлага юу харуулж байна гэхээр манай бараа бүтээгдэхүүн бусад улсуудтай харьцуулахад үнэтэй байгааг харуулж байна гэсэн үг. Энэ нь манай өрсөлдөх чадварыг бууруулж байгаа юм. Бүтээгдэхүүн маань үнэтэй байвал бид хичнээн хүсээд ч гадаадад борлуулах боломжгүй шүү дээ. Тэр утгаараа би одоогийн ханшийн сулралтыг зөв гольдрол руугаа манай эдийн засаг явахад хэрэгцээтэй өөрчлөлт гэж харж байгаа. Ингэж харж байгаа учраас ханшийг тогтворжуулах бодлогыг яаран хийх шаардлагагүй байх гэж бодож байна. Төгрөгийн ханш сул байх гадаад валютын ханш чанга байх нь одоогоор эдийн засагт хэрэгцээтэй өөрчлөлт юм.

-Төгрөгийн ханшийн суларч байгаа нь эдийн засагт сөрөг бас эерэг нөлөөтэй хэрэг үү?

-Тийм. Аль аль талын нөлөө байгаа. Ерөнхийдөө дотоодын үйлдвэрлэгч тэр тусмаа экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчдийн хувьд эерэг нөлөөтэй. Ялангуяа гадагшаа борлуулалтаа нэмэгдүүлье, худалдааныхаа тэнцлийг сайжруулья гэж байгаа нөхцөлд энэ нь таатай өөрчлөлт юм.

-Ийм үед дотоодын үйлдвэрлэлийн аль аль төрлийг хөгжүүлбэл илүү боломжтой гэж үзэж байна вэ?
-Тэр бол энэ талын хөрөнгө оруулалтын бодлого боловсруулдаг, хөрөнгө оруулагч хүмүүсийн гаргах шийдвэр байх л даа. Аль салбарт ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигтай харагдаж байна тэр чиглэлийн бараа үйлдвэрлэх байх.

-Нөгөө талаас импортын барааны үнийг дагаад үндэсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх сөрөг хандлага гарч ирэх юм биш үү?
-Ийм нөлөө бас гарч ирнэ. Бид аль алийг нь харах ёстой. Өнөөдөр улсынхаа худалдааны дансыг харах юм бол уул уурхайгаас шууд түүхий эд гаргаж борлуулахаас өөр худалдаа алга гэж болохоор байгаа шүү дээ. Харин валютын ханш чангарснаар боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бусад үйлдвэрлэгчдийн орлого улам бүр нэмэгдэж байгаа. Тэр талаас нь харах юм бол тэдгээр үйлдвэрлэгчдийг дэмжих нөлөө авчирч байгаа юм.

Мөн бид уул уурхайн олборлолт өссөнөөр Голланд өвчний шинж тэмдэг илэрч байна. Бусад салбар маань шахагдаж байна гэж маш их ярьдаг. Тэгэхээр яг тэр санаа зовоод яриад байсан юмыг энэ ханшийн сулрал залруулах өөрчлөлт гаргаж байгаа.

-Импортын бүтээгдэхүүнээр түүхий эд хийдэг үйлдвэрлэгчид хохирч таарах уу?
-Тэднийг тийм их хохирч байна гэж хэлэхэд хэцүү. Хэмжих шаардлагатай. Эерэг нөлөө бас бий шүү дээ. Гаднаас импортолж байгаа бараа бүтээгдэхүүн нь үнэтэй болчихоор тэд бараагаа арай жаахан үнэтэй зарах боломжтой болж байгаа биз дээ. Орлого нь өсөх боломж нэмэгдэж байгаа. Нэг талаас зардал өссөнөөс нэмэгдэж болно.

Нөгөө талаас боломжийг хараад үнээ нэмж байж болно шүүдээ. Гаднаас орж ирж байгаа нойлын цаас ийм өндөр үнэтэй байгаа юм чинь би 50 төгрөг нэмээд зарчихна. Тэгэхэд л минийх Хятад, Орост үйлдвэрлэснээс арай хямд байна шүү дээ. Ингэж хараад үнээ нэмэхийг үгүйсгэхгүй.

-Ханш дагасан энэ өөрчлөлт нийгэмд сөрөг нөлөө авчрах юм биш үү?
-Бидний сайн гэж боддог хүчин зүйлс өөрөө энэ ханшны өөрчлөлтийг авчирч байгаа юм шүү дээ. Орлого өсөх сайн биз дээ. Манай эдийн засаг хурдан өсөөд орлого нэмэгдээд дотоодын бүтээгдэхүүн өслөө гэсэн баяртайгаар хүлээж авдаг мэдээ байдаг. Энэ чинь өөрөө цаанаа шууд бусаар импортын бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж байдаг.

Бид импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэмээр байна, хэрэглээд байна гэдэг цаанаа тэр импортын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах юань, долларын эрэлтийг нэмэгдүүлчихэж байгаа юм. Тэгэхээр тэр нь өөрөө дамжаад ирэхдээ төгрөгийн ханш суларч байгаагаар харагдаж байгаа юм.

-Таны бодлоор цаашдаа валютын ханш ямар байх бол?

-Судалгаа тооцоотойгоор хэлэх хэрэгтэй байх л даа. Өөрийнхөө зүгээс хэлэхэд би хувь хүнийхээ хувьд одоо ерөнхийдөө тогтворжих байх гэж найдаж байна. Үүнээс цааш эрс бууралт гарахгүй болов уу.Эдийн засагч хүний хувьд эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулдаг. Өөрийнх нь эд эс ажиллаж байдаг юм. Тийм учраас тэдэнд жаахан найдаад зай тавиад өгөөч гэж хэлмээр байна. Төгрөгийн ханш хязгааргүй сулраад байхгүй.

Экспорт нэмэгдээд ирэхээр манай зах зээлд гадны валют ихээр орж ирнэ. Тэгэхээр буцаад буурна. Тийм учраас эхний ганц нэг өөрчлөлтийг хараад бүтнээр нь харалгүй өөрчлөх гэвэл улам муутгах эрсдэл байдаг л даа.

Ж.Баярсайхан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш