Барилгын материалын үнэ тогтворжуулахаар Цемент импортлогчдын холбооны гишүүн 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэрээт байгууллагууд цементээ тонн тутмыг нь 165 мянган төгрөгт багтаан барих үүрэг хүлээсэн ч сүүлийн 14 хоногт 185 мянга хүртэл өсчээ. Энэ нь намар эрэлт огцом нэмэгдсэн, 9 дүгээр сарын эхээр юанийн ханш өссөн зэргээс шалтгаалсан гэж яам, хувийн хэвшлийнхэн тайлбарлав.
Харин Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, 5 дугаар сараас хойш цементийн үнийг барьж чадсан атлаа барилгын улирал шувтрах үеэр яам, хувийн хэвшлийн аль аль нь хариуцлага алдсаныг шүүмжиллээ. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд 14-хөн хоногийн нөөцтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт, энэ жил барилгын материалын эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэнэ гэдгийг Засгийн газар урьдчилж тооцоолоод төсөв гаргаж, эргэлтээ нэмэгдүүл гэж зээл олгосон. Гэтэл ийм тайлбараар буруу үйлдлээ зөвтгөж болохгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хатуу анхаарууллаа.
Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт 13 мвт хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсон, энэ жилдээ багтаан Увс, Ховд, Хөвсгөл аймгийн дулааны станцууд ажиллаж эхэлнэ гэж Эрчим хүчний яамныхан танилцуулав. Замын-Үүдийн замыг 10 дугаар сарын 30-нд, Дундговийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай авто замыг 11 дүгээр сарын 1 гэхэд хүлээж авах бол Дорнодын зам 55 хувь, Хөвсгөлийнх 60 хувьтай үргэлжилж байна. Төмөр замын далангийн ажил өнгөрсөн долоо хоногт 9,8 км-ээр урагшилж, ажлын явц 42 хувьд хүрсэн. 11 дүгээр сарын эхэн гэхэд ажлын гүйцэтгэлийг 80 хувьд хүргээд энэ жилийн ажлыг зогсооно гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Өөрчилж шинэчлэхээр төлөвлөсөн 33 уулзвараас 18-ыг бүрэн дуусгаснаар энэ жилийн бүтээн байгуулалтыг хаана. Нэг уулзварыг 1-1.3 тэрбум төгрөгөөр засварлаж байгаа ч өргөтгөж шинэчилсний үр дүнд хэмнэх мөнгөө тооцож үзэхэд ганц жилийн дотор гаргасан зардлаа нөхөх ба үүнээс гадна эдийн засгийн бус олон ач холбогдол өгнө гэж “Гудамж” төслийнхөн тайлбарласан юм.
Засгийн газрын тогтоолоор баталсан 9 төсөлд Хөгжлийн банк “Чингис” бондоос санхүүжилт олгох ёстой. Орон нутгийн авто замын төслүүдэд 590 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 36 хувь, нийслэлийн орон сууцны болон гэр хорооллын дэд бүтцийн төслүүдэд 198 тэрбум төгрөг олгохоос 26 хувийг гаргаад байна. Тавантолгойн ДЦС-ын барилгын ажилд 1,5 тэрбум, шинэ төмөр замын төсөлд 130 тэрбумыг олгосон, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төслүүдэд олгохоор баталсан 270 тэрбум төгрөгөөс 30 тэрбум төгрөгийн гэрээ байгуулагдаад байна. Гудамж төсөл, Байшин үйлдвэрлэх комбинат, Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилт хуваарийн дагуу олгогдож байна. Дээр нь төмөрлөгийн үйлдвэр болон МИАТ-ийн дахин санхүүжилтэд зориулан “Чингис” бондоос хөрөнгө гаргах асуудлыг Засгийн газрын тогтоол гарангуут шийдвэрлэнэ гэж Хөгжлийн банкнаас хэллээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 байршил дээрээ нэмж 8 байршилд төлөвлөлт хийхээр нийслэлийн удирдлагууд шийдвэрлэжээ. Энэ асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж нийслэлийн удирдлагууд энэ үеэр танилцуулсан юм.