logo
Кенид болсон аллагыг эртнээс төлөвлөж байжээ

Кенид болсон аллагыг эртнээс төлөвлөж байжээ

2013/10/01

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Кени улсын нийслэл Найроби хот дахь нэгэн томоохон худалдааны төвд гарсан алан хядах ажиллагааны үеэр 67 хүн амь үрэгдэж,  61 хүн яасан нь тодорхойгүй болоод байгаа билээ. Хүчний байгууллагынхан алан хядагчдыг устгах ажиллагааны үеэр 5 гэмт этгээдийг устгасан байна.

Тэгвэл өнгөрсөн Даваа гарагт тус үйл явдалтай холбоотой шинэ баримтууд олон нийтэд ил боллоо. Тус хэргийн буруутан болоод байгаа Ал-Шабааб хэмээх алан хядагч байгууллагынхан одоогоос нэг жил орчмын өмнөөс тус худалдааны төвийг түрээсэлж үйл ажиллагаа эхлүүлсэн байсан нь тагнуулын эх сурвалжаар нотлогдож байгаа аж. Тэд алан хядах үйл ажиллагааг явуулахаар маш эртнээс бэлтгэж байсан бололтой. Алан хядах ажиллагаанд гар бие оролцсон хүмүүсийн дунд АНУ, болон Их Британи улсын иргэд байж магадгүй гэсэн таамаглал ч байна.

Одоогоор  8 хүнийг баривчлан саатуулаад байгаа ч тус хэрэг явдалтай холбоотой бусад алан хядагчдыг эрэн хайх ажил үргэлжилж байна. Энэ тухай тус улсын эрх баригчид мэдэгдээд алан хядах ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэх террор байгууллагын гишүүд хотын төвийн тус худалдааны төвд дэлгүүр түрээслэн ажиллуулж байсан тухай тагнуулын эх сурвалж дурьдсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш