Монголын түүхэнд олны хүндэтгэлийг хүлээж, ард түмний хүү болж чадсан хүмүүнийг харгисаар хөнөөсөн хар өдрөөс хойш 15 жил өнгөрчээ. Хийсэн гэмтэн, хар үйлтэн нь хэдэн жилдээ илрэхгүй нүгэлт дурсамж тэр л өдрөөс хөвөрч эхэлсэн. Энэхүү харгис үйлдлийн хохирогч нь ард түмэн, нэхэмжлэгч нь өдгөө ард түмэн л байна. Сонгууль сонгуулиар талийгаач С.Зориг албан тушаалын хэнээтнүүдийн амлалт, хийрхэлийн золиос болон, он жил хөврөх тусам хэргийн ул мөр арилан бүдгэрч, хойч ирээдүй түүний тухай дурсамжаас өөр зүйлгүй хоцроход ойрхон болжээ. Гэвч гэгээн дурсамжаар ард түмнийхээ сэтгэлд амьд хэвээр яваа түүнийг залуу хойч үе ямар хүн байсныг таньж, түүнийг цаашид ч монголын ард түмний эрэлхэг, ухаалаг хүү байсан гэдгийг дурсан санаж яваг гэсэндээ түүний тухай цөөн баримтыг дурдаж байна.
С.Зориг агсан 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү нь болон төрсөн. С.Зориг Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцаж байхдаа тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ. Физикийн олимпиадад эхний байруудад ордог, чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байсан гэдэг. Тэрээр дунд сургуулиа төгсөөд Москвагийн улсын их сургуулийн философийн ангид суралцан төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байсан тухай нөхөд нь дурсан ярьдаг. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд байнга шатар тоглодог байсан гэдэг бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байлаа.
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...