Өнгөрсөн долоо хоногт “Магнай трейд” , “Жаст” компани шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь иргэдийг багагүй бухимдуулсан. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайгаас тодруулсан юм.
-Шатахууны үнэ нэмсэн асуудалд танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?
-Шатахууны үнийг тогтвортой байлгах асуудлаар Монголбанк, Газрын тосны хэрэг эрхлэх газар, Уул уурхайн яам зэрэг газрууд хамтарч гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэ ажилдаа манай байгууллагыг оролцуулаагүй. Иймд шатахуун түгээх зарим нэг аж ахуйн нэгжүүд үнээ нэмсэнийг одоогийн байдлаар манай байгууллагын зүгээс хянах боломжгүй. Анх Монголбанк шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс импортлогч байгууллагуудтай гэрээ хийхдээ хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн хэлбэлзлийг зохицуулах гэсэн хэлбэрээр хийсэн. Мөн эдгээрт Газрын тосны хэрэг эрхлэх газраас хяналт тавихаар зохицуулагдсан гэж би ойлгож байгаа. Тэгэхээр эдгээр байгууллагуудаас асуух нь илүү зохимжтой.
-Цаашид шатахууны үнэ иймэрхүү байдлаар нэмэгдээд байвал танай байгууллагаас мөн адил оролцох боломжгүй юу?
-Бензин шатахууны үнэ зах зээлээ даган өсөх, үгсэн хувилдаж өсгөх нь мэдээж хоёр өөр асуудал юм. Одоогийн байдлаар бид “Жаст” болон “Магнай трейд” компанид яагаад нэг өдөр үнээ нэмсэнийг нь тодруулах зорилгоор албан бичиг явуулсан. Хариу нь албан ёсоор ирээгүй байна. Саяхан надад “Жаст” компанийг “Магнай трейд” авч байгаа гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Өрсөлдөөний тухай хуулинд зааснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдэх болсон тохиолдолд манай байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Дээрх байгууллагуудаас тийм хүсэлтийг өнөөдрийн байдлаар хүлээж аваагүй байгаа учраас албан бичиг хүргүүлсэн юм.
П.Өлзийням