МҮОНР-ийн “Хурд “ агентлаг өнгөрсөн сараас эхлэн “Онцлох сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэж байгаа билээ. Энэ нэвтрүүлгийн анхны дугаарт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу оролцож “Нарантуул” худалдаааны төвд гарсан галын учир хийгээд тус захтай холбоотой анхны мэдээллүүдийг манай хөтөлбөрөөр дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.
Тэгвэл нэвтрүүлгийн удаах зочноор Сангийн сайд Ч.Улаан оролцож “Цалин тэтгэмжийг нэмнэ” гэсэн засгийн газрын албан ёсны анхны мэдээллийг мөн олон нийтэд өгч байсан. Ийн хоёр долоо хоног тутамд нэг удаа тухайн цаг үеийн “Онцлох сэдэв “-ээр содон зочин оролцдог нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа оролцож байна. Дашрамд дуулгахад бид “Онцлох сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийг эн дугаараас эхлэн www.mnb.mn сайтаар дамжуулан унших хэлбэрт оруулан, сонсогч уншигч танд хүргэж байхаар боллоо.
Монгол охиныг бүтэн долоо хоног харанхуй өрөөнд хорьж, орой бүр зодож, дарамтлан, бэлтэй Хятад иргэдэд хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан. Эсэргүүцэл үзүүлэхэд нь шар айрагны шил хагалан, хэлтэрхийн дээр нүцгэн биеэрээ нь мөлхүүлж, зодсон байсан. Түүнийг төрсөн эгч нь ийм амьдрал руу түлхэж, харийн хүнд зарсан гэдгийг сонсоод үнэхээр эмзэглэсэн.
-Хурд агентлаг: Хүн худалдаалах гэмт хэрэг, үүнээс үүдэлтэй бэлгийн болоод хөдөлмөрийн мөлжлөгийн талаарх иргэдийн ойлголт төдийлөн сайн биш байх шиг байна. Тиймээс энэ улс дамнасан гэмт хэргийн талаарх ерөнхий мэдээллийг эхлээд өгөхгүй юу?
Н.Адъяа:1990-ээд он зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүн бүр гадаад улс орон руу зорчих болсон. Энэ үеэс улбаалаад сүүлийн 10 гаруй жилийн дотор хүн наймаалах, хүн худалдаалах гэмт хэргийн талаар хүчтэй яригдаж эхэлсэн юм. Өнөөдөр гадаадад манай улсын иргэдийг бага цалингаар хүнд хөдөлмөр эрхлүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, зарцлах, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих зэрэг байдлаар илэрч байна.
Хил хамгаалах ерөнхий газар Монгол улсын хэмжээнд бүх шалган нэвтрүүлэх боомтыг хариуцдаг. Энэ боомтуудаар Монгол улс руу орж, гарч байгаа бүх зорчигч, тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Энэ чиглэлүүдэд хүн худалдаалах, наймаалах асуудал гарч байгаа эсэхэд бид онцгой анхаарч байна. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн ажил өнөөдөр жигдрээд явж байна. Хүн худалдаалах гэмт хэрэг улсын хил орчмын боомтуудын эсрэг талд байгаа хот суурин газруудад нилээнд идэвхжиж байгаа гэх мэдээлэл ч бас байна.
Голдуу БНХАУ-тай хиллэдэг хэсгүүдээр хүний наймааны асуудал яригддаг болсон. Судалгаа хийгээд үзэхэд Дорнод аймгийн Хавирга, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуун сухайт гэсэн чиглэлүүдээр Монгол охид, залуу хүүхнүүд Хятад руу гарч хил орчимд биеэ үнэлэх асуудал мэр сэр гараад байна. Мэр сэр ч гэж хэлж бас болохгүй юм. Бидний хийсэн тооцоо судалгаа ч бий.
Ер нь манай иргэд хоёр төрлийн сувгаар бэлгийн мөлжлөгд өртөх замд орж байна. Эхний суваг нь сонин, сэтгүүл, зурагт, радиогоор гадаадад өндөр цалинтай ажиллуулна, сургана гэсэн зарын дагуу. Үүнд нь итгэсэн ухвар мөчид бодолтой охид хүүхнүүд амьдарлаа дээшлүүлэх маягаар улсын хил гарч, гадаадад амьдрахаар явдаг. Энэ үед нь зохион байгуулалттай бүлэглэл хүн наймаалах гэмт хэргийнхээ золиос болгодог. Ингээд мөлжлөгд өртдөг.
Хоёр дахь суваг нь манай Монгол охид бүсгүйчүүд өөрсдөө улсын хил гараад, тухайн газрынхаа баар, цэнгээний газруудад биеэ үнэлж байна. Ийм хоёр сувгаар охид бүсгүйчүүд хүний наймааны золиос болж байна. Өнөөдөр хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоохгүй бол даамжирч, Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон монгол ген удамшилд нөлөөлөхүйц хэмжээнд очлоо. Үнэхээр том асуудал энд байна.
ХА: Монгол хүний удамшлын асуудлыг та сая хөндлөө. Энэ үнэхээр асуудал болсон гэж үү?
Н.А: Биеэ үнэлж байгаа охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн бүлэглэлүүд албаар бусдад худалдах, богтлох, дамжуулан цааш зарах зэрэг ноцтой асуудал гаргадаг болоод байна. Хятадын төв муж, гацаа тосгодод эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэр алдагдчихсан. Үүнтэй холбоотойгоор манайхны зарим охидыг нутгийн гүн рүү аваачиж зардаг. Тэгээд охид хүсээгүй жирэмслэлт, хүсээгүй хүүхэд гаргаснаас болоод буцаад эх нутагтаа ирж чаддаггүй. Хятадад хүүхэд төрүүлчихсэн болохоор хүүхдийн иргэншлийн асуудал хөндөгдөөд Монголдоо ирж чадахгүй байдал ч байсаар байна.
ХА: Монгол улсын иргэн Хятадад хүүхэдтэй болчихоод, хүүхдээ эх нутагтаа авч ирсэн тохиолдол хэр олон байна?
Н.А: Хандаж байгаа тохиолдол их. Гэхдээ хүсэлт тавих газар нь ганцхан Монгол улсаас тухайн улсад сууж байгаа ЭСЯ, Консулын газар. Хохирогчид дээрхи газруудад эхлээд ханддаг. Тэнд нь шийдвэрлэх боломжгүй болохоор манай хилийн боомтын ажилтнуудад ханддаг, захидал өгдөг. Сүүлийн үед энэ үйл явц нэмэгдсэн. Манай Хууль Зүйн яамны дэргэдэх хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлөөс консулын газруудтай ярилцаж байна. Тэгээд тодорхой хэмжээний дүнтэй данс нээж, тэндээсээ хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэн, хил давах гэж байгаа эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх туслах ажил зохион байгуулахаар хэлэлцдэг.
Дээрх асуудал нь зөвхөн хил залгаа хоёр улсаар хязгаарлахгүй. Турк, Малайз, Европын зарим орнуудад манай эмэгтэйчүүд худалдагдах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон асуудал ч бас яригдаж байна.
ХА: Биеэ үнэлэгчдийг хил давуулах, цааш нь нутгийн гүн рүү аваачих энэ гэмт хэрэгт Монгол иргэд зохион байгуулалттайгаар оролцсон байх магадлал нь хэр байдаг юм бэ?
Н.А: Би нэг жишээ яръя. 2012 оны 8-р сард Замын-Үүд Эрээний боомтоор Хятадын талаас гадаад пасспортын хугацаа дууссан манай нэг иргэнийг хүлээлгэж өгсөн юм. Энэ охинтой анх уулзаад ярьж байхад сэтгэл түгшмээр олон зүйлийг ярьж байсан. Охиныг төрсөн эгч нь Эрээн хотод дагуулж очин, Хятад иргэнд зарсан. Өртэй байсан гэж байгаа. Ингээд жил гаран тэнд биеийг нь үнэлүүлсэн. Харин дараа нь Хятад эзэд нь Улаанбаатар явж, гэр бүлийнхэнтэйгээ уулз гээд 20 мянган юань өгсөн байгаа юм. Ингэхдээ 10 мянган юаныг нь гэр бүлдээ зарцуулж болно. Үлдсэн мөнгөнд нь 3-4 охин авчир гэсэн. Нөгөө охин энд ирээд 18-тай хоёр охиныг БНХАУ-руу дагуулж явсан. Эзэндээ өгсөн. Гэтэл дараа нь дахиж охид дагуулж ир хэмээн мөнгө өгсөн. Охин татгалзсаны улмаас өнөөх хятад иргэд охиныг нутгийн гүнд аваачаад зарчихсан байгаа юм. Тэгээд тэнд очиж зодуулаад...
Үүнд үнэхээр эмзэглэсэн дээ. Монгол охидыг маань яаж доромжилж, дээрэлхдэг юм бэ... Бүтэн долоо хоног харанхуй тусгай өрөөнд хорьсон. Ингэж хорихдоо орой бүр Хятад баячуудыг нөгөө охин дээр оруулдаг. Эсэргүүцвэл зодно. Зодохдоо шар айрагны шил хагалж байгаад, дээр нь нүцгэн биеэр нь мөлхүүлнэ. Хамаг биеийг нь шархлуулсан байсан. Тэр шархаа хүртэл бидэнд үзүүлсэн. Ар талын нуруу хамаг бие нь авах юмгүй болчихсон. Тэр охин ирээд, энэ хэргийг шалгаад хууль, хяналтын байгууллагад өгсөн. Ганцхан энэ охины жишээнээс харахад энэ бизнес бүр зохион байгуулалттай, улам далд болсон гэдэг нь харагдаж байгаа юм.
Ер нь ингээд хараад байхад сургуульд орж чадаагүй, ажилгүй залуус гадаадад очиж мөнгө олох гээд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөөд байна. Үндсэндээ бол Монгол охидыг эхлэж өөрсдөө ашиглаж байгаад, улмаар нутгийн гүнд хэн ч мэдэхгүй нэг тосгонд дагуулж очоод зарчихдаг асуудал байна. Ялангуяа биеэ үнэлж байгаа охид цаашдаа худалдагдах, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэл өндөр байна.
ХА: Хурд агентлагийн баг Эрээн хотод долоо хоног ажиллалаа. Уг нь БНХАУ-д улсад биеэ үнэлэх, худалдах гээд бүх асуудал хуулиар хориотой байдаг юм байна. Гэтэл Эрээн хотод биеэ үнэлэх явдал нь бараг л ил цагаан болчихсон байх юм.
Н.А: Тиймээ хуулиараа хориотой байдаг. Ялангуяа Хятадад хар тамхи, садар самуун сурталчлах гэсэн шар гэмт хэргүүдийг хатуу хориглодог. Гэсэн хэдий ч Эрээнд байгаа биеэ үнэлэгчдийн “Улаан дэнлүү”-ний гудамж зохион байгуулалттайгаар өнөөдөр ажиллаж л байна. Үнэхээрийн хориотой байсан бол үүнийг аль хэдийн арчаад, устгаад л хаячихна. Тэгэхээр энэ бол зорилготой байна гэсэн үг. Тэр тусмаа “Улаан дэнлүү”-ний гудамжны хүүхнүүдийн ихэнх нь л Монгол охид байна шүү дээ. Улс үндэстэн бүр удамшил, генийн асуудалдаа бодлого барьдаг. Үүнтэй холбоотой ч байж магадгүй.
ХА: Манай цагдаагийн байгууллага, Хятадын цагдаагийн байгууллагад санал хүсэлт тавиад “Улаан дэнлүү”-ний гудамжийг хаах боломжтой юу?
Н.А: Хамтарсан яриа хэлэлцээ хоёр улсын цагдаагийн байгууллагын хооронд байдаг байх. Үүнийхээ дагуу тодорхой хэмжээний арга хэмжээ авч болно. Гэхдээ энэ нэг их үр дүнд хүрэхгүй байхаа л гэж бодож байна.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...