-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинээр 17 төрлийн татвар бий болох талаар мэдээлэл тараад байна. Энэ үнэн үү?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 17 төрлийн татвар шинээр авах нь гэсэн үндэслэлгүй нийтлэл гарч, нийтэд буруу ташаа ойлголт өгөөд байна.
-Буруу ташаа мэдээлэл гарсан бол зөв ойлголт бидэнд өгнө үү.
-Бид татварын шинэчлэл хийхдээ одоо төлж байгаа татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй, харин ч эсрэгээрээ бизнес эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ төлөх татварыг 90 хувиар багасгаж татварын ачааллыг нь бууруулж байгаа.
Монгол Улс өнөөдрийн байдлаар уул уурхайгаас хамааралтай улс болоод байгаа учраас уул уурхайгаас бусад салбараа дэмжих, хэт импортоос хамааралтай байдлаасаа салах цаг нь болсон гэж үзэж байна. Энэ удаагийн шинэчлэл нь татварын хувь хэмжээг нэмэлгүйгээр, татвар төлдөг иргэд, аж ахуйн нэгжүүдээ урамшуулаад, татварын таатай орчинг бий болгон, төсвийн орлого алдаж байгаа тэрхүү орон зайг татвар төлдөггүй, зугтдаг нөхдүүдээс бүрдүүлж, бүгд ижил тэгш нэг гараанаас эхэлж, бага татвар төлөх замаар бүгдээрээ жигд урагшлах зорилготой юм.
-Яг хэдэн төрлийн татвар байдаг юм бэ?
-Үндсэндээ Монгол Улс маань 23 татварын төрөлтэй. Үүнээс 3 төрлийн татварыг өнөөдрийг болтол хэрэглээгүй ирсэн. Тэр нь өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар, нийслэл хотын албан татвар, нохойны албан татвар юм. Эдгээрээс нохойны албан татварыг авах шаардлагагүй гэж үзэн хуулийн төсөл боловсруулаагүй. Харин үлдэх 2 төрлийн татварыг хэрэглье, тусгайлсан хуулиа гаргаж боловсронгуй болгъё гэсэн зорилт тавьж ажиллаж байна.
-Ямар 2 төрлийн татварыг хэрэглэх гэж байгаа вэ?
-Одоо хэрэглэх гэж байгаа 2 татвар нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй, бизнесийн харилцааг дэмжсэн нээлттэй зах зээлд өргөн хэрэглэгддэг ерөнхийдөө шударга татварын харилцаа юм.
Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар нь гэр бүлийн гишүүдийн хооронд өвлөх, бэлэглэхэд хамаарахгүй, харин гэр бүлийн бус гишүүд нэг нь нөгөөдөө хөрөнгө шилжүүлэхэд тодорхой хувиар татвар авах зохицуулалтыг бий болгоно. Нийслэл хотын албан татварын хувьд зөвхөн нийслэл хотод үйлчлэх татвар бөгөөд УИХ-аас татвар авах хэлбэр, хувь хэмжээний дээд, доод хязгаарыг батлан, нийслэл, дүүргийн иргэдийн хурал тухайн оршин сууж байгаа дүүргийн иргэдтэйгээ санал солилцох замаар шийдвэрлэн, тодорхой хуримтлал бий болгож, өөрсдийхөө тав тухтай орчин бүрдүүлэхэд зориулагдах энэ л харилцааг зохицуулж байгаа. Эцэст нь нэмж хэлэхэд утаа хаядаг машин, азын дугаар, авто зогсоол болон бэлэн мөнгөнөөс татвар авна гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд шинэчлэлийн хүрээнд шинэ төрлийн татвар бий болгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.