Хятадын шүүх Улс Төрийн Товчооны гишүүн асан Бо Шилайд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Өнгөрсөн 9-р сард Шаньдон мужийн Жинань хотын Ардын шүүх түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, 20 сая юанийн авлига авсан, улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутай хэмээн үзэж түүнд бүх насаар нь хорих ял оноогоод байсан юм. Бо Шилай энэ шийдвэрийг давж заалдсан ч дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ гэсэн ажиглагчдын таамаг ийнхүү батлагдав.
Хятадын нэртэй улс төрч Бо Ибогийн хүү, улс төрийн агь гэгддэг Бо Шилай нь цагтаа Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүнээр сонгогдох магадлалтай улс төрчдийн нэгд тооцогдож байжээ. Гэвч 2012 онд шүүх түүний эхнэр Гу Кайлайг Их Британийн бизнесмэн Нил Хэйвудын амь насыг бүрэлгэсэн хэмээн үзэQж түүнд ялын дээд хэмжээ оноосон юм.
Хэйвудын аллагын хэрэг сөхөгдсөний дараа Бо Шилайг албан тушаалуудаас нь огцруулсан үйл явдлууд өрнөсөн билээ. Ялангуяа түүнийг эрх мэдлээрээ далайлган эхнэрийнхээ үйлдсэн хүн амины хэргийг нуун дарагдуулахаар оролдсон гэж буруутгасан байна. Гэхдээ түүнийг улс төрийн тэмцлийн золиос болсон гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байдаг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/