АНУ-ын тагнуулын байгууллага Германы Канцлер Ангела Меркелийн гар утасны яриаг 2002 оноос хойш чагнасан гэж "Der Spiegel" сэтгүүл мэдээллээ. Тус сэтгүүлд бичсэнээр Меркелийн утасны дугаар түүнийг канцлер болохоос нь ч өмнөх буюу 2002 оны жагсаалтад орсныг Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн нууц баримт нотолж байгаа аж. Түүний дугаар 2013 онд ч гэсэн уг хяналтын жагсаалтад бичигджээ. Гэхдээ хатагтай Меркелийн гар утасны яриаг яг чагнаж байсан эсэх нь баримтаас тодорхой биш байна гэж "Der Spiegel" сэтгүүлд бичсэн байна. Тухайлбал канцлерын утасны яриаг бичиж авсан, эсвэл ямар хүмүүстэй харилцаж байгаад нь дүгнэлт өгсөн байж болох гэнэ. Ямартай ч Герман улс тагнуулын байгууллагын удирдлагуудаа Вашингтон руу илгээж, Меркелийн утасны яриаг тагнаж чагнасан гэх мэдээллийг мөрдөн шалгах ажлыг "түргэвчлүүлэхээр" болоод байна. Энэ мэдээлэл Германчуудын дургүйцлийг хүргээд байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт Герман, Франц улсууд энэ оны эцэс гэхэд тагнуулын үйл ажиллагаа явуулахгүй байх гэрээнд нэгдэхийг АНУ-аас хүсч байна гэж мэдэгджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/