Нидерландын дизайнер, шинийг санаачлагч Даан Роозегарде өөрийн бүтээсэн төхөөрөмжөө Хятадын Бээжин хотын бохирдол ихтэй агаарыг цэвэршүүлнэ гэж найдаж байна. Түүний бодож олсон зэс ороомгийн бий болгох цахилгаан соронзон орон нь агаарт буй тоосонцор, утаа зэргийг газар луу татсанаар тэдгээрийг амархан цэвэрлэж болох ажээ. Роозегарде үүнийг зүйрлүүлж хэлэхдээ "Цахилгаанжсан бөмбөлөгт хүний үс татагддагтай адилхан гэсэн үг. Утааг ч гэсэн ингэж болно" гэсэн байна.
Түүний лаборатор агаар цэвэршүүлэх технологийнхоо туршилтыг Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэгд хийхээр тус хотын засаг захиргаатай тохиролцоонд хүрчээ. Роозегардегийн хэлж байгаагаар танхимд явуулсан туршилт амжилттай болсон бөгөөд эрдэмтэн, инженерүүдийн тусламжтайгаар цэцэрлэгт хүрээлэнд явуулах туршилт ч үр дүнтэй болно гэдэгт тэрээр найдаж байгаа юм байна.
Гэхдээ энэ мэт төсөл нь Бээжин хотын агаарын бохирдлын асуудлыг шийдэхээс илүүтэйгээр энэ асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахад чиглэгдэж байгаа гэдгийг Роозегарде онцлон хэлжээ. Тэрээр "Энэ бол утааг хэрхэн арилгах вэ гэдэг асуултын жинхэнэ хариулт нь биш. Жинхэнэ хариулт бол хүмүүсийн амьдралын хэв маяг, үйлдвэрлэлийг өөрчлөх, маншинуудыг утаа ялгаруулдаггүй болгох явдал" хэмээн ярьсан байна. Роозегардегийн лаборатор өмнө нь цахилгаан хөдөлгүүртэй машиныг цэнэглэдэг зам, дээр нь бүжиглэсэн үед цахилгаан эрчим хүч бий болгодог шал гэх зэрэг сонирхолтой төслүүд дээр ажиллаж байжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/