logo
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ

2013/10/31
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан гишүүдийн ирц хүрснээр 09.50 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч холбогдох сайд нар нь ирээгүй учир хоёр асуудлыг хассан юм. Ингээд чуулганы эхэнд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь дэмжиж, 88.4 хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Уг асуудлыг өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаараа хэлэлцсэн ч шийдвэрлэж амжилгүй хойшлуулаад байсан юм. Гишүүдийн зүгээс Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас оруулж ирж байгаа нь цагаа олсон чухал зүйл болсон, харин биет болон биет бус соёлын өвөө нэг бүрчлэн бүртгэж, хараа хяналттай болгох, байгалийн өвийг хамтатган хамгаалах, ирэх онд байгуулах Археологийн музейг төлөвлөсөн хугацаандаа барьж ашиглалтад оруулахыг хуулийн төсөл санаачлагчдад анхааруулж байлаа.
Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх байсан Сангийн сайд Ч.Улаан хараахан ирээгүй байгаа учир түр хойшлуулах боллоо. 
Харин одоо Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд үүний дараа Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм.

Н.Гантуяа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш