Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга нь Италийн Милан хотноо 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан Олон улсын Хадгаламжийн банкны 1 дүгээр чуулганы үеэр гарчээ. Өнөө үед олонх иргэн нь банкинд өөрийн хуримтлалгүй хөгжиж буй улс орнуудад Дэлхийн хуримтлалын өдрийг зохион байгуулах талаар банкууд нь анхаарлаа хандуулж байгаа. Эдгээр улсын арилжааны банкууд нь тодорхой компанит ажил, санаачилга хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, амьдралын түвшин доогуур иргэний хадгаламжийн дансыг хоёр дахин нэмэгдүүлэн эзэмшүүлж, хуримтлалыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Монгол Улсад энэхүү өдрийг өнгөрсөн оноос тэмдэглэж эхлэн, Монголын банкуудын холбооноос /МБХ/ санаачилга гарган олон нийтэд мэдээлэл хүргэж сурталчилж байсан бол Хас банк урамшуулалт өдөрлөгийг зохион байгуулж байсан. Харин энэ жил МБХ болон гишүүн арилжааны банкууд янз бүрийн хэлбэрээр Дэлхий хуримтлалын өдрийн санаачлагыг дэмжин ажиллаж байна.
Тухайлбал, Худалдаа Хөгжлийн Банк Дэлхий хуримтлалын өдрийг тохиолдуулан “Өсөх хуримтлалтай Өөдрөг ирээдүйд хамтдаа” гэсэн уриан дор Нийт харилцагчиддаа 10 дугаар сарын 28-наас 31-нийг дуустал Хадгаламжийн дэвтэр үнэгүй нээж, хуримтлалын талаар танилцуулга мэдээлэл хийж байгаа аж. Харин ХасБанк 10 дугаар сарын 28-наас 11-р сарын 1-ний өдрүүдэд Хугацаатай хадгаламж нээлгэсэн болон хадгаламжиндаа орлого хийсэн харилцагч бүрт гарын бэлэгтэй, 0-8 нас хүртлэх Ирээдүйн саятангуудад орлого хийсэн байдал болон хадгаламжийн үлдэгдэлээс хамааруулан бэлэг, урамшуулал өгч, МУИС-ийн Дугуй зааланд “Хуримтлалтай Монголын төлөө” сэдэвт лекцийг өнөөдөр зохион байгуулж байгаа юм байна.