Энэ үеэр Ерөнхий консул Н.Анхбаяр Лос Анжелес хотын Зөвлөлийн хуралд Монголчуудын холбооны удирдлага, иргэдийн төлөөллийн хамт хүндэт зочноор оролцон, Зөвлөлийн гишүүн Том ЛаБонжтой уулзаж Улаанбаатар, Лос Анжелес хотуудын хооронд найрамдалт хотын харилцаа тогтоох, энэ хүрээнд соёл, урлагийн болон спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Монголчуудын холбоотой хамтран Лос Анжелес хотын сонгуульт албан тушаалтнууд, цагдаагийн байгууллагын төлөөлөл, тус холбоог дэмжин ажилладаг гадна, дотны түншүүдэд зориулсан “Монголын нээлттай хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж, үндэсний соёл урлагаа сурталчилав.
Монголчуудын холбооны дэргэдэх Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, монгол хэлний I-V ангийн сурах бичиг, “Би монгол хүн” DVD зэрэг 50 гаруй ном, сурах бичиг, сургалтын материалыг хүлээлгэн өгч үйл ажиллагаанд нь багахан боловч бодитой дэмжлэг үзүүлэв.