logo
Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколд гарын үсэг зурав

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколд гарын үсэг зурав

2013/11/06
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэ сарын 1-ний өдөр Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурлаа. Дээрх протоколыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын тухай суурь конвенцийн оролцогч улсуудын Бага хурлаас Сөүл хотноо болсон 5 дугаар чуулганаар 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр баталсан юм. Манай улс суурь конвенцид 2004 онд нэгдэн орсон бөгөөд конвенц 2005 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.

Шинэ протокол нь тамхин бүтээгдэхүүний хууль бус нийлүүлэлтийн сүлжээг хянах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд түүнд оролцогч улсууд ийм худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм. Тамхин бүтээгдэхүүний хууль бус үйлдвэрлэл, хил давуулах худалдаа зэрэг гэмт хэрэг нь тамхины хяналтад саад болж, эрүүл мэндийн тогтолцоо, хууль ёсны орлогод хохирол учруулж буй байдалтай тэмцэхэд уг протокол ач холбогдолтой юм.

Монгол Улс Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколд гарын үсэг зурсан 37 дахь улс болсон бөгөөд цаашид соёрхон батлах чиглэлээр ажиллаж байна. Тус протокол нь 40 улс нэгдэн орсноор хүчин төгөлдөр болох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш