Тэмцээнийг Женевийн “GM star” спорт клубээс Элчин сайдын яам, Швейцарийн Монголчуудын холбоо болон бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтран зохиосон юм. Энэ удаагийн тэмцээнд Европын 12 оронд амьдарч буй монголчуудаас 51 багийн тамирчид, дасгалжуулагчид ирж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон нь урьд урьдын тэмцээнүүдээс өргөн хүрээтэй байв.
Тэмцээн залуучууд, ахмадын насны ангиллаар зохиогдсоноос залуучуудын ангилалд ХБНГУ-ын “Буяны сэтгэлт хүү” эрэгтэй баг, “Шведийн MGL” эмэгтэй баг тус тус тэргүүн байр эзэлсэн бол ахмад насны ангилалд Швейцарийн эрэгтэй баг, Польшийн эмэгтэй баг тус тус тэргүүлж, аваргын алтан цом, медалийн эзэд боллоо. Мөн тэмцээний үеэр олон тамирчин спортын зэрэг цол хүртэж, сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа байгууллага, хувь хүмүүсийг МҮОХ-ны нэрэмжит болон бусад шагналаар шагналаа.
Тэмцээн нь 11 дүгээр сарын 4-ний өдөр улс нийтээрээ тэмдэглэж буй Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдрийг угтан зохион байгуулагдснаараа онцлог байв. Евро 2014 тэмцээн ирэх онд Унгар Улсын Будапешт хотноо болохоор товлогдлоо.